Биологийн хүрээлэнгийн судлаачид Япон улсын “Sakura Science program”-д хамрагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэг, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Мөнхцэцэг, М.Цолмон, Г.Оюундарь, Б.Уянга нар Япон улсын “Sakura Science program”-д хамрагджээ. Тэд 2022 оны наймдугаар сарын 27-ноос 10 хоног Осака Метрополитан их сургуульд амжилттай ажиллаад ирлээ.

Томилолтын үеэр хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу тус их сургуулийн захирал Хорино Харухико, ХАА, Биологийн тэнхимийн доктор, профессор Оказава нартай ажил хэргийн уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, ургамлын дээжид өндөр мэдрэмжит шингэн болон хийн хроматографийн анализ хийж зарим аргазүйд суралцжээ. 

Багийг ахалж явсан доктор Ю.Оюунбилэг хэлэхдээ “Эдгээр залуу судлаачид ажлын гараагаа эхлээд удаагүй байгаа бөгөөд шинэ арга техник сурах хүсэлтэй байна. Энэ удаагийн аялал нь шинжлэх ухааны солилцоо, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг ойлгох боломжийг олгож, цаашдын хэтийн төлөвийг нээж өглөө.” гэсэн юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top