“Мод тарьж ургуулах болзолт уралдаан”-д 185 дугаар анги тэргүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын байгууллага нэгдэж, 2022-2030 онд 10 сая мод тарьж ургуулах зорилтыг тавьсан.

Уг зорилтын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ОБЕГ-ын бүтцийн нэгж, харъяа анги, байгууллагуудын дунд  “Мод тарьж арчлан ургуулах болзолт уралдаан”-ыг зарласан юм.

Тэгвэл 2022 оны 05 дугаар сарын 22-ноос 09 дүгээр сарын 20-ны хооронд зарлагдсан тус болзолт уралдааныг Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ОХУ-ын ШУА-ийн харъяа Алтайн хязгаарын М.А.Лисавенкогийн нэрэмжит Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл хамтран дүгнэж, өнөөдөр тэргүүн байрт шалгарсан анги, байгууллагуудад шагналыг гардууллаа.

Хаврын мод тариалалтын үеэр тарьсан үхрийн нүд, бөөрөлзгөнө жимсний бутны суулгаж, хус болон улиас модны суулгацын ургалт, арчилгааны ажлын явцтай танилцахад ОБЕГ-ын харъяа 185 дугаар анги тарьсан модоо арчилж, ургуулсан үзүүлэлтээрээ тэргүүлсэн бол Булган аймгийн Онцгой байдлын газар хоёрдугаар байрт, ОБЕГ-ын харъяа Ар тал, хангалтын 115 дугаар анги гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

Харин ОХУ-ын ШУА-ийн харъяа Алтайн хязгаарын М.А.Лисавенкогийн нэрэмжит Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэрэмжит тусгай шагналыг Дундговь, Орхон аймгуудын Онцгой байдлын газарт олгохоор болжээ.

Тодруулбал, ОБЕГ-ын харъяа 185 дугаар анги бөөрөлзгөний суулгац 3000 ширхэг, үхрийн нүдний суулгац 3750 ширхэгийг 5 дугаар сард хүлээн авч суулгасан. Түүнээс хойш 4 сарын хугацаанд суулгацаа усалгааны системээр услахдаа худгийн хүйтэн усаа тусгай саванд хийж жаврыг нь гарсны дараа тогтмол усалж байсан байна. Явцын дунд үхрийн нүдний суулгац өвчилсөн учир хэрэгцээт бордоог ОХУ-ын Улаан-Үүд хотоос авчирч хийснээр өвчлөлтийг зогсоожээ. Есдүгээр сарын 20 -ны байдлаар үхрийн нүд 91 хувийн ургалттай, бөөрөлзгөнө 95 хувийн ургалттай жимсээ өгчээ.

Булган аймгийн Онцгой байдлын газар2022 оны 5 дугаар сард  ОБЕГ-аас 7500 ширхэг үхрийн нүдний суулгац хүлээн авч, заавар зөвлөмжийн дагуу тарьж ургуулсан байна. Усалгааны системийг технологийн дагуу хийж гүйцэтгэсэн, худаг гаргасан, усалгааг тогтмол хийж ажилласаны үр дүнд үхрийн нүдний суулгацын ургалтын байдал 95 хувьтай байна.

ОБЕГ-ын харъяа Ар тал, хангалтын 115 дугаар анги нийт 1120 мод буюу чацаргана-500, шар хуайс-150, хайлаас-250, улиас-250, үхрийн нүд-20 ширхэгийг тус тус тарьснаас  ургацын байдал 75 – 80 хувьтай байна.  Тус анги нь мод тарих ажлын хүрээнд бүх зардлаа өөрийн нөөц бололцоог тулгуурлан гаргаж усалгааны систем, хар шороо, бууц зэрэг материалыг бэлтгэн ажиллажээ.

Харин Дундговь аймгийн Онцгой байдлын газрын тухайд 2022 оны 5 дугаар сард ОБЕГ-аас 4500 ширхэг чацарганы суулгац хүлээн авч заавар зөвлөмжийн дагуу тарьж ургуулсан, усалгааны системтэй, хашаа чанартай барьсан, худаг гаргасан бөгөөд чацарганы суулгац 85-90 хувьтай ургажээ. Тус анги нь говийн хөрсөнд чацарганы суулгацыг ургуулж чадсан нь дараа дараагийн байгууллага хамт олонд үлгэр дуурайлал болохуйц ажил болсон байна гэж ажлын хэсгээс дүгнэлээ.

Орхон аймгийн Онцгой байдлын газар2022 оны 5 дугаар сард  ОБЕГ-аас 7500 ширхэг  үхрийн нүдний суулгац хүлээн авч, зөвлөмжийн дагуу суулгаж ургуулсан бөгөөд үхрийн нүдний суулгацын ургалт 80 орчим хувьтай байлаа.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top