“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг энэ жил дэлхий нийтээр “Эрт cэрэмжлүүлэх, эрт хариу арга хэмжээ авах” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга Мами Мизуторигийн ирүүлсэн илгээлтийг хүргэе.
-Амьд үлдэх нь хүн төрөлхтний зөн совингийн хамгийн үндсэн зан чанар юм. Гэвч сая сая хүмүүс нүүрлэж буй гамшгийн талаар эрт сэрэмжлүүлэг аваагүйн улмаас амьд үлдэж чадахгүй байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын гуравны нэг, ялангуяа буурай хөгжилтэй орнууд болон жижиг арлын хөгжиж буй улсуудад гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх тогтолцоог нэвтрүүлээгүй байна.
Африкт энэ тоо бүр ч бага ба хүн амын 60 хувьд гамшгаас эрт сэрэмжлүүлэх тогтолцоо байхгүй байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Эрт сэрэмжлүүлж, эрт арга хэмжээ авч байж амь насыг аварна.
Энэ жилийн Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрөөр би бүх улс орнуудыг Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн долдугаар зорилтыг хэрэгжүүлэх буюу олон төрлийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоо, эрсдэлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг уриалж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн дэлхий дээрх хүн бүр ирэх 5 жилийн хугацаанд эрт зарлан мэдээлэх тогтолцоонд хамрагдах зорилтыг бид хамтдаа биелүүлж чадна.
Бид аюулыг гамшиг болохоос сэргийлж, дэлхийн уур амьсгалаас үүдэлтэй гамшгийг тэглэх замд оруулж чадна, мөн оруулах ч ёстой.
Сэтгэгдэл ( 0 )