БНХАУ-ын Элчин сайд ШУА-д зочлов

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Цай Вэньруйг ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар өнгөрсөн 7 хоногт /2022.10.7/  хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр  ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар “Нэгэн жарны түүхтэй Монгол Улсын ШУА  нь 1962 онд албан ёсоор байгуулагдсан цагаасаа БНХАУ-ын Шинжлэх ухааны академитай ойр дотно харилцаж ирснийг онцлон дурдаад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тэр дундаа БНХАУ-тай хамтран хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, үр дүнг өндрөөр үнэлдэг” гэдгээ онцлон хэлэв. 

Элчин сайд ноён Цай Вэньруй “Хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, өөрийн болон ЭСЯ-ны зүгээс хоёр улсын ШУА-иуд болон эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвхтэй ажиллах болно” гэв. Цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар санал солилцсон энэхүү  ажил хэрэгч уулзалтын үеэр ноён Элчин сайд БНХАУ-ын Байгалийн ШУА-ийн Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд хэвлэгдсэн “Хятад-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа 70 жил” бүтээлээс Монголд авчрах талаар холбогдох хүмүүсээс тодруулах, мөн Элчин сайдын яамны дэмжлэгээр хэвлэгддэг байсан “Өнөөгийн Хятад” сэтгүүлийг сэргээн хэвлүүлэхэд дэмжлэн үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.  

Уулзалтад ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Ажлын албаны дарга А.Баярбаатар, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, хятад судлаач Х.Баатархүү, ЭСЯ-ны ажилтан Сарантуяа нарын албаны хүмүүс оролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top