ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Өнөөдөр 2023.01.20. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 08 цаг 33 минутад мандлаа, 17 цаг 33 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -18 хэм, шөнөдөө -29 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Малид Зэвсэгт хүчний өдөр, Дагестанд Улсын боловсролын өдөр, Крымд Бүгд найрамдах улсын өдөр.

Энэ өдөр Америкийн усанд сэлэгч, олимпын дөрвөн удаагийн аварга Жон Нейбер, жүжигчин Эван Питерс, “Guns N’ Roses” хамтлагийн гишүүн асан, гитарчин, дуу зохиогч Трэйси Ганс, Их Британийн төгөлдөр хуурч Гэри Барлоу, Бельгийн хаан Филиппийн эхнэр Матильда, Оросын балетчин Анастасия Волочкова, модель, жүжигчин Ольга Бузова, Францын жүжигчин Омар Си зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1926 оны энэ өдөр аливаа яам, тамгын газрын түшмэдүүд ээлж халалцан суудаг ёсыг халах тухай шийдвэр гарчээ.

1933 оны энэ өдөр Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр ардын цэргийн ангиудаас зарим анги, салбарыг Хязгаарын цэрэгт шилжүүлэн өгөхөөр заав.

1964 оны энэ өдөр БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газрын Гадаад худалдааны төлөөлөгчид Бээжин хотод 1964 оны харилцан бараа нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд БНХАУ Монгол Улсад торго дурдан, цемент, химийн үйлдвэрийн түүхий эд, тоног төхөөрөмж болон өдөр тутмын төрөл бүрийн бараа зэргийг нийлүүлэх бол БНМАУ-аас БНХАУ-д морь, өлөн гэдэс, арьс, арьсан эдлэл зэргийг нийлүүлэхээр заажээ.

2004 оны энэ өдөр Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улс болсон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1841 оны энэ өдөр Их Британийн цэргүүд Хонконгийг эзэлжээ.

1944 оны энэ өдөр Их Британийн Агаарын цэргийн хүчин Берлин рүү 2300 тонн бөмбөг хаясан байна.

1980 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер Москвагийн олимпыг бойкотолж байгаа тухайгаа зарлажээ.

1996 оны энэ өдөр Ясир Арафат Палестины Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Өнөөдөр үс засуулвал Хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Их хүйтэн болох улирал 16 цаг 42 минутад эхэлнэ.

Хол газар явах бол хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top