Гурван сарын өмнө шав тавьсан нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхлээгүй байгааг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэллээ. Тэрбээр “Төв цэвэрлэх байгууламжийн ажил нь түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ учраас зургийн ажил гэж маш том ажил дуусах шатандаа явж байна. Одоогоор бид долдугаар сарын эхээр барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Санхүүжилтийн хэлэлцүүрүүдээ дуусгаад байгаа. Газар шорооны ажил эхлээгүй боловч зургийн ажил явж байгаа. Ажил ойрын хугацаанд эхэлнэ” гэсэн юм.
Төв цэвэрлэх байгууламжийг гүйцэтгэгч тал 35 сарын хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөх гэрээтэй ба долдугаар сард ажил эхэлснээс хойш хугацаа тоологдох аж.
Хэдийгээр барилгын ажил эхлээгүй ч яамны зүгээс “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсний үр дүнд хоногт 2500 м3 лаг усгүйжүүлэх байгууламжийг шинээр барьж долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Мөн хуримтлагдсан хур лагийг халдваргүйжүүлэх, дүүрсэн лагийн картуудыг үнэргүйжүүлэх, суллах, лагийг бордоо болгох ажлыг хэрэгжүүлж байна гэж мэдээллэв.
Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп” ба Бээжин констракшн инженеринг групп” консорциум ажиллаж байгаа бөгөөд үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөөд буй. Шинэ Цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм. ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар тооцжээ.
Сэтгэгдэл ( 2 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:
4 hunii amind hursen USUG iin gazryn naimaachin Turkhuutei hezee hariuzlaga toozokh yum be