Зуунмодын иргэд “Зүрхнийхээ баатар болцгооё” уриалгад нэгдлээ

2019 оны 09 сарын 30

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор гурван жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг /ШУГТЭ/-ийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-тэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж буй билээ.

Өнөө жил “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг зүрх судасны өвчлөл өндөртэйд тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий аймагт өнгөрсөн 6-7-р сард амжилттай хэрэгжүүлж, 5000 иргэн уг аяны үр шимийг хүртсэн билээ. “Зүрхнийхээ баатар болцгооё” уриатай Дэлхийн зүрхний өдрийг угтан өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Зуунмод сумын төв талбайд тус аяны нээлтийг хийлээ. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан жил бүлийн 29-нд тохиодог Дэлхийн зүрхний өдрийг энэ өдрийг өнгөрсөн жилүүдэд нийслэлчүүдийн хамт тэмдэглэж, мөн 5000 гаруй иргэнд эрүүл мэндийн боловсрол олгохын сацуу үнэ төлбөргүй эрсдэлийн үнэлгээ, үзлэг хийж ирсэн байна.

Төвийн бүсийн аймгууд дундаа Төв аймаг цусны даралт ихсэлтийн үзүүлэлтээрээ эөндөрт тооцогддог. Улсын дунджаар тус аймгийн хувьд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл нэгт, зүрх судасны тогтолцооны өвчлөл хоёрт, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл гуравт бичигдэж буй юм. Харин нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 63,1 хувийг артерийн даралт ихсэлт, 15,6 хувийг зүрхний шигдээс,  9,34 хувийг тархи судасны өвчин тус тус эзэлж байна.

 Аяны хүрээнд ШУГТЭ-ийнхэн орон нутгийн эмч нартай хамтран 800 орчим иргэнд урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Мөн НЭМҮТ-ийн эрүүл мэндийн үндэсний төвийн  мэргэжилтнүүд эрүүл зөв хооллолт, давсны зөв хэрэглээ, амьдралын зөв дадал хэвшлийн талаар иргэдэд зөвлөгөө өгч, судалгааны дата бааз бүрдүүлэхээр иргэдийн дунд эрсдэлийн үнэлгээ тодорхойлох асуумж бөглүүлсэн юм. Уламжлал болсон өөр нэг арга хэмжээ нь ШУГТЭ-ийн тэргүүлэх зэрэгтэй эмч нар орон нутгийн эмнэлгийн ажилтнуудад орчин үеийн эмчилгээний чиг хандлагын тухай сургалт зохион байгууллаа.

Цусны даралт өндөр байх нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр ажээ. Түүнчлэн энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.                        

Та, бид цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлж чадна!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top