Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба коронавирусний халдвартай холбоотой байж болзошгүй ховор бөгөөд аюултай хам шинж хүүхдүүдэд илэрч буйг анхааруулсан шуурхай мэдээллийг өрхийн эмч нарт хүргүүлжээ.
Лондон болон Их Британийн бусад хэсэгт ер бусын хам шинжтэй, томууны шинжтэй, олон төрлийн үрэвсэлтэй, биеийн байдал нь хүнд хүүхдүүд эмнэлэгт хандах болсон байна. Тэдний заримаас нь коронавирус илэрчээ.
Үндэсний эрүүл мэндийн алба ийм хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй хүүхдүүд сүүлийн үед илрэх болсон тул мэргэжилтнүүдийг үүнд яаралтай анхаарал хандуулахыг уриалжээ.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны дарга Стивен Повисын хэлснээр коронавирусний халдвартай холбоотой үрэвслийн хам шинж эсвэл гарал үүсэл нь тодорхойгүй өөр халдвар эсэхийг одоогоор тогтоогоогүй байна. Өндөр халуурах, цусны даралт буурах, тууралт өгөх, амьсгалахад хүнд болох зэргээр илэрдэг хордлогын шокийн хам шинжтэй төстэй байгаа аж.
Зарим хүүхдэд зүрхний булчингийн үрэвсэл, цусны бүтцэд сөрөг өөрчлөлт гарах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Энэ бүх шинж тэмдэг халдвартай тэмцэж буй бие организм илэрдэг болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Кембрижийн хүүхдийн сэхээн амьдруулах тасгийн зөвлөх Назим Патаны хэлснээр сүүлийн үед ийм шинж тэмдэгтэй хүүхдүүд Итали, Испанид мөн бүртгэгджээ.
Их Британид ийм 20 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд коронавирусний халдвартай энэхүү хамж шинж холбоотой эсэхийг судалж эхлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )