Эрдэмтэд КОВИД-19 эрчүүдэд ИЛҮҮ АЮУЛТАЙ болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

БНХАУ-ын нийслэл Бээжингийн судлаачдын олж тогтоосноор шинэ төрлийн коронавирусээр халдварлах эрсдэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд ижил ч эрчүүд илүү хүнд хэлбэрээр өвчилдөг байна.

Frontiers in Public Health сэтгүүлд мэдээлснээр, КОВИД-19 өвчнөөс үүдэлтэй нас баралтын түвшин эрчүүдийн дунд өндөр байжээ. Судалгааны багийг удирдсан Бээжингийн Тунжень эмнэлгийн эмч Ян Жинькуйн хэлснээр, коронавирусний халдвар дэгдсэн эхний өдрөөс авахуулан Ухань хотын эмч нар эмэгтэйчүүдээс илүү эрчүүд КОВИД-19 халдвар авч, нас барж буйг анзаарсан байна. Энэ ялгааг биологичид эхэн үед эрчүүдийн уушгин дахь АСЕ2 рецепторын молекул их байдагтай холбож байжээ. Эл рецепторыг ашиглан вирус халдварладаг байна. Хожим нь мэргэжилтнүүдийн санал хуваагдсан бөгөөд ихэнх эмч нар эрчүүд коронавирусний халдвар авах илүү эрсдэлтэй гэж үзэж байна.

Энэ асуултын хариуг олохоор Жинькуй эмч мэргэжил нэгт нөхдийн хамтаар янз бүрийн насны ангилал, нийгмийн давхаргын нэг мянга гаруй өвчтөний өвчний түүхийг судалжээ. Үүний үр дүнд эрдэмтэд халдвар авах магадлал эрчүүд, эмэгтэйчүүдийн дунд ижил болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч КОВИД-ийн улмаас нас барах, хүнд хэлбэрээр тусах магадлал эрчүүд, эмэгтэйчүүдийн хувьд ихээхэн ялгаатай болохыг мэджээ.

Эрчүүдийн дунд нас баралтын түвшин 70 хувьтай байсан төдийгүй сэхээнд орж, амьсгалын аппарат хэрэглэх хэмжээнд хүндэрсэн өвчтөнүүдийн 70 хувь нь мөн л  эрчүүд байжээ. Сонирхолтой нь яг ийм дүр зураг 2003 онд дэгдсэн томуугийн А хүрээний вирусний халдварын дэгдэлтийн үед ажиглагдаж байсан аж.  Энэ нь тус вирус мөн АСЕ2 рецепторуудыг ашиглан хүний уушги болон бусад эрхтний эсэд нэвтэрдэгтэй холбоотой байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top