Нэг сүмоч халдвар аваад эдгэрсэн байжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 19-нд Токиод эхлэх Долоодугаар сарын башёг зохион байгуулахаар ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Энэ сарын 13-нд болох Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар албан ёсоор зарлах гэнэ. Мөн тус хурлаар тэмцээний үеэр халдварын эсрэг авах арга хэмжээгээ хэлэлцэх ажээ.

Зургаадугаар сард Сүмогийн холбооноос Такадагава дэвжээнээс бусад 44 дэвжээний бөх, ояката, засуул, үсчин нарт эсрэг биетийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээнд хамрагдсан 891 хүнээс 0.56 хувь нь буюу 5 хүн эсрэг биеттэй гарсан байна. Үүнээс 4 нь PCR давтан шижилгээгээр халдварын хариу сөрөг гарч, үлдсэн нэг нь тавдугаар сараас өмнө өвчлөөд эдгэсэн байна гэсэн хариу гарчээ.

Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката “Долоодугаар сарын тэмцээн эхлэх бэлтгэл хангагдлаа. Гуравдугаар сард нэг бөхөө бид алдсан. Дахиж ийм явдал гаргахгүйн тулд тэмцээний дараа ч шинжилгээ хийнэ. Энэ удаагийн шижилгээгээр бүх хариу сөрөг гарсан нь чухал ач холбогдолтой” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top