Коронавирусний халдвар авсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт эсрэг биет үүссэн бөгөөд сүүлийн нэг хоногт халдварын шинж тэмдэг ажиглагдаагүй гэж түүний эмч Шон Конли мэдэгджээ.
Сүүлийн дөрвөн өдөр Трампт халуурах шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш түүнд нэмэлт хүчил төрөгч авах шаардлага гараагүй гэж Конли мэдээлсэн байна. Энэ сарын 5-нд түүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд SARS-CoV-2 IgG эсрэг биет тодорхой хэмжээнд үүссэн байжээ.
Конлигийн мэдэгдсэнээр, Трампын цусанд дахь хүчилтөрөгчийн хэмжээ, амьсгалын давтамж зэрэг амин чухал үзүүлэлтүүд нь хэвийн хэмжээнд байгаа аж. Тэрбээр коронавирусний халдварын оноштой гурван хоног эмнэлэгт эмчилгээний хийсний эцэст өнгөрсөн даваа гарагт эмнэлгээс гарсан билээ. Трамп гэрээр эмчилгээгээ үргэлжлүүлэх гэнэ.
Трампын эмчилгээний зардал нийт 100 мянга гаруй ам.доллар болсон тухай “The New York Times” сонинд мэдээлжээ. Үүнд оношилгоо, эсрэг биет бүхий ерөндөг, Уолтер Ридийн нэрэмжит эрүүл мэндийн төв дэх эмчилгээний зардал, нисдэг тэргээр Цагаан ордноос эмнэлэг хүрэх, буцах тээврийн зардал, эрүүл мэндийн даатгал хамрагдаагүй тусгай эм, бэлдмэлийн зардал зэрэг багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )