УНТЭ "Гал тогооны ажилтныг тусгаарласан" талаар мэдээллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17


Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын эхний тохиолдол болох жолооч Д-ын дүү болох МУБИС-ийн оюутантай уулзсан иргэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) гал тогооны ажилтантай хавьтал үүсгэсэн тул түүнийг тусгаарласан талаар өмнө мэдээлсэн билээ.

Дээрх мэдээллийн талаар Ergelt.mn сайт УНТЭ-ийн Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Гал тогооны ажилтныг тусгаарласан" гэсэн хариулт өгчээ.

УНТЭ-ийн Хэвлэлийн төлөөлөгч "Одоогийн байдлаар манай эмнэлэгт хөл хорио тогтоогоогүй. Гал тогоо хэвийн ажиллаж байна. Эмнэлгийн амбулатори үзлэгээр өвчтнүүдээ үзэж байгаа. Хатуу дэглэмийн хөл хориотой байгаа учраас хаалганыхаа тоог цөөлсөн. Гэхдээ хавьтал болсон байж магадгүй гал тогооны ажилтныг тусгаарласан гэдэг нь үнэн. Түүний ойрын хавьтлыг нь тогтоогоод тусгаарласан гэсэн. Гэхдээ энэ талаар манай халдвар судлалын эмчээс тодруулаарай” гэжээ. 


Монгол Улсад өнөөдрийн (2020.11.17, 11:00 цаг) байдлаар коронавирусний халдварын 434 тохиолдол бүртгэгдсэнээс 328 нь эдгэрээд байна. Гэрийн ажиглалтад 12, сувиллын ажиглалтад 16 иргэн байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Энэ сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолооч Д-ын ойрын хавьтал болох есөн хүнээс (Жолооч Д + 9)  халдвар илрээд байгаа.

Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, халдвар тээгч болон хавьтагчийн хувийн мэдээллийг нууцлах нь зүй ёсны хэрэг. Харин тэдгээрийн зорчсон болон хавьтал байж болох хүмүүсийн маршрут, эрсдэл үүсгэж магадгүй бүсийг олон нийтэд зарлах нь өөрөө халдвараас сэргийлэх, түүний цар хүрээг хумихад дөхөм болно гэж үзэж байна. 

Монгол Улсад анх Францын иргэн (Анх-Отгон) халдвартай гэж бүртгэгдэхэд түүний зорчсон болон явсан маршрутыг маш тодорхой олон нийтэд танилцуулсан нь нөхцөл байдалд сайнаар нөлөөлж байсныг энд жишээ болгоё. 
 

Дотоодод тархсан халдварын НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ (2020.11.17)

Top