Халдвартай иргэн “Евро фарм”, “Тавин ус” эмийн сан, “Норжин” төвөөр үйлчлүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр (2020.11.18) коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн тул оройноос нь гурван хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Тодруулбал, тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Х-ээс халдвар илэрч, түүнийг гурван хүүхдийн хамт ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Мөн түүний ойрын хавьтлын 20 хүнийг “Улаанбаатар” зочид буудалд тусгаарлаад байна. Дээрх иргэдийн дунд халдвартай иргэнийг үзсэн эмч, сувилагч нар багтжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, халдвартай иргэн нь анх хоолой өвдөж, халуурсан гэх зовиуртайгаар тус хорооны “Эрүүл өрх” өрхийн эмнэлэгт хандсан гэх ба эмч нь хоолойны эм бичиж өгөөд явуулсан байжээ. Гэтэл зовиур арилаагүй тул коронавирусний шинжилгээнд хамруулахад эерэг гарсан аж.

Дээрх шинжилгээний хариу гарах хүртэл халдвартай иргэн “Евро фарм”, “Тавин ус” эмийн сангуудаар үйлчлүүлсэн бөгөөд “Норжин” худалдааны төвийн хүнсний тасгаар мөн орсон байна.

Иймд, халдвар нийтийн дунд тархсан байж болзошгүй гэж үзэн, албаныхан хавьтагч нарыг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Халдвар авсан байх эрсдэлтэй иргэний тэжээвэр амьтан коронавирус туссан байх магадлал өндөр байгаа тухай мэдээлэл мөн байгаа тул иргэд та бүхэн гэрээс гаралгүй, хөл хорионы дэглэмээ мөрдөх хэрэгтэй байна. 

Top