Өнөөдрийн байдлаар /2020.12.02/ Монгол Улсад нийт батлагдсан халдварын тохиолдол 812 болоод байна. Үүнээс Улаанбаатар хотод зургаа, Сэлэнгэ аймагт гурав, Орхон аймагт хоёр халдвар өнөөдөр нэмж нэмэгдсэн тухай бид мэдээлсэн.
Тэгвэл нийслэлд нэмэгдсэн тохиолдлын тав нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Арцад” хорооллоос илэрсэн бөгөөд эдгээр иргэдийн дунд нэг хүүхэд багтжээ.
Харин үлдсэн тохиолдол нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Американ дэнж” хотхоноос илэрсэн байна. Тухайн иргэн сайн дурын үндсэн дээр ойролцоох шинжилгээ авах цэгт очиж, үйлчлүүлжээ. Улмаар иргэний эхний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тиймээс дээрх иргэнээс ЗӨСҮТ-өөс дахин шинжилгээ авахад эерэг гарсан тул халдварыг баталгаажсан гэж үзэж байжээ. Улмаар өнөөдөр /2020.12.02/ дээрх иргэнээс ХӨСҮТ-д гурав дахь удаагийн шинжилгээ авахад хариу сөрөг гарсан тул эргэлзээтэй гэж үзэн тусгаарлалтад авч, ажиглаж байна гэлээ.
Эх сурвалжийн мэдээллээр, шинээр нэмэгдсэн эдгээр тохиолдлуудын хавьтлыг “Энхсаран” сувиллаас эхлэлтэй гэж үзэж байгаа ба халдвар авсан иргэд тус төвд ажиллаж байсан ажээ.
Улаанбаатар хотын тухайд батлагдсан тохиолдол 90 байна. Эдгээрийн ойрын хавьтал 1067 хүн байгаагаас 1063 хүнийг шинжилгээнд хамруулж, шинжилгээ үргэлжилж байна. Хоёрдогч хавьтлын тоо 17619 байгаагаас бүгд шинжилгээнд хамрагдсан, одоогоор халдвар илрээгүй байна.