Вакцин хийлгэсэн иргэдэд ХАЛУУРАХ, ЯДРАХ шинж тэмдэг илэрч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө. /2021.02.26, 11:00 цаг/


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд коронавирусний эсрэг дархлаажуулалтын ажил явагдаж байна. 260 гаруй вакцины хөгжүүлэлт явагдаж байгаагаас өнөөдрийн хувьд зургаан вакциныг хэрэглэж байгаа. Файзер, Астразенека, Спутник-5, Синофарм зэрэг зургаан вакцин хэрэглэж байсан бол өчигдөрийн хувьд АНУ-ын адиновируст суурилсан шинэ вакцин хэрэглээнд нэвтэрлээ.

Өдөртөө дэлхийн хэмжээнд 2.6 сая хүн дархлаажуулалтад хамрагдаж байна.

Англи улсад гэхэд насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсанаар халдварын тархалт эрс буурч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо буурсан.

Манай орны хувьд Астразенека вакцинжуулалт эхлүүлээд дөрөв хонож байгаа ба энэ хугацаанд 4926 эмч эмнэлгийн ажилтан хамрагдсан байна. Ямар вакцинд дархлаажуулалтын дараа урвал гардаг.

Урвалын хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан газарт өвдөх, ядрах, бие арзайх гэсэн шинж тэмдэг илэрч байна. Ингэж хариу урвал үзүүлж байна гэдэг нь тухайн хүнд дархлаа тогтож байгааг илэрхийлж байгаа юм. Хэрвээ та 38 хэмээс дээш халуурч, шинж тэмдэг гурваас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Вакцин хийхээс өмнө, эмчийн үзлэгт орно, дархлаажуулалтаа хийнэ, дараа нь 30 минут эмч хяналтдаа байлгах гэсэн гурван үе шаттайгаар ажиллаж байгаа. Энэ нь бусад дархлаажуулалтыг бодвол, илүү удаан хугацаа шаардаж байгаа юм” гэлээ.

 

Top