Монгол зэрэг 13 орон хүн амынхаа 50 хувийг дархлаажуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

COVID-19 вирусний эсрэг вакцинаар насанд хүрсэн хүн амынхаа 50-иас дээш хувийг дархлаажуулсан улс дөнгөж 13 байна. Харин 60 гаруй оронд вакцины барааг нь ч хараагүй байгаа юм. Вакцинжуулалтын хурдаар Хятад улс тасархай тэргүүлж байгаа. Тэрбум хол давсан хүн амтай тус улс энэ оны эцэс гэхэд хүн амынхаа 75 хувийг бүрэн дархлаажуулах тооцоо гарчээ. Зарим улсад вакцин байхгүй бол заримд нь иргэдийн эсэргүүцэл гарсан гээд олон асуудал тулгарч байгаа юм.

Их Британийн судалгааны Airfinity компанийн хийсэн судалгааны үр дүнг танилцуулья.

Энэ судалгаа 243 орон, газар нутгийг хамарсан. COVID-19 вирусний эсрэг вакцинаар насанд хүрсэн хүн амынхаа 50-иас дээш хувийг дархлаажуулсан улсад Сейшелийн арлууд, Израиль, Монгол, Бахрейн, Чили, Мальт, Их Британи, АНУ, Унгар, Исланд, Уругвай, Катар, АНЭУ болон Бермудийн арлууд, Аруба, Синт-Мартен, Ангилья, Мэн, Кука арал гэсэн газар нутгууд багтжээ.

Азийн орнууд дархлаажуулалтын хурдаар хол хоцорч байна. Уг нь тэд өнгөрсөн жил ковидтой хамгийн амжилттай тэмцэж байгаа гэж магтагдаж байсан билээ. Азиуд халдвар авах нь бага байсан тул Барууны орнууд шиг вакцин хийх гэж зүтгээгүйгээс гадна вакциныг цар тахалтай тэмцэх гол арга гэж үзээгүй юм.

Жишээ нь, Япон улс Их долоон улсаас хамгийн сүүлд вакцинжуулалтаа эхэлсэн. Одоогийн байдлаар хэдэн сая эмнэлгийн ажилтан, 65-аас дээш насны иргэдийнхээ тал хувийг л тарьж амжаад байна. 18-64 насны иргэд нь тариулах гэж хүссэн ч вакцинд хамрагдах боломж тэнд байхгүй.

Цар тахлын хоёр дахь давлагаанд өвдөг сөхөрсөн Энэтхэг орон вакцинд хамрагдах ёстой 950 сая хүнийхээ дөнгөж 5.5 хувийг дархлаажуулжээ. Уг нь Энэтхэг бол вакцин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг орон билээ.

Airfinity-ийн судалгаагаар Африк тив, Номхон далайн бүсийн 60 гаруй орон нэг ч ширхэг вакцин аваагүй байгаа бол үлдсэн орнуудын ихэнх нь хүн амынхаа 1 хувийг ч дархлаажуулж чадаагүй байгаа юм.

Вакцин тариулахыг хүсэхгүй байгаа иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн олон оронд гарч байна. Европын орнууд хоёр тунгаа хийлгэсэн иргэд ресторан, фитнесст үйлчлүүлж болно гэсэн Ковид паспортын дэглэм тогтоосон.

АНУ-д вакцин хийлгэсэн хүнд хоол унд, метроны тасалбар бэлэглэж байсан бол Хятадад зарим мужид нь өндөг, хүнсний талон өгч байлаа. Гэхдээ саяхан Гуанчжоу хотод Дельта вирус гарсны дараа иргэд сайн дураар вакцин тариулах нь нэмэгджээ.

Индонез, Таиландад вакцин хийлгээгүй иргэдийг торгох арга хэмжээ авч байгаа бол Филиппинд вакцин хийлгээгүй бол Филиппинээс зайл гэсэн хатуу шаардлага тавьж, эсэргүүцэгчдийг шоронд хорино гэж сүрдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголхүү(192.82.64.208) 2021 оны 06 сарын 25

Женко гэж балай юм баахан шагнал гардуулж 14 хоног болж дархлаа нь тогтоогүй нөхдүүдэд шагнал өгч, нөгөөдүүл нь нэгэндээ тараагаад арай чиш болгочихлоо. Тэрнээс биш 2020 оны УИХ ИТХ гээд хэдэн мянган нэр дэвшигчтэй сонгуульд ковид тараагүй байхад 3 нэр дэвшигчтэй сонгуульд ковид тарна гэж юу байхав. Одоо нэг женко зайлж ковид багасах байхаа.

1  |  1
Top