Умард Македониос Турк руу явж байсан жуулчны автобус шатсаны улмаас дор хаяж 45 хүн амиа алдаад байна. Тэдний дунд 12 хүүхэд байжээ. Долоон хүн шатаж буй автобуснаас үсрэн гарч, амьд гарчээ. Хүнд түлэгдэл авсан тэднийг эмнэлэгт хүргэсэн байна.
Болгарын эрх баригчид хохирогчдын тоо өсөхийг үгүйсгэхгүй байна.
Болгарын шадар сайд, дотоод хэргийн сайд Бойко Рашковын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн цогцос нүүрс болсон тул яг хэдэн хүн хохирсныг хэлэхэд хүнд байгаа аж. Умард Македони улсаас дөрвөн жуулчны автобус гарчээ. Аяллын явцад жуулчид автобусаа сольж суусан байж магадгүй тул осолдсон автобусанд бүртгэгдсэнээс олон хүн байсан байх магадлалтай гэж Рашков тодруулсан байна.
Мөрдөн шалгах албаны дарга Борислав Сарафовын мэдээлснээр, автобусанд 52 хүн зорчиж байжээ. Амиа алдсан хүмүүсийн тоог шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт гарсны дараа тогтоох боломжтой гэнэ. Цогцоснууд танигдахгүй болтлоо шатсан тул ДНХ-ийн шинжилгээ авах аж.
Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар жолооч алдаа гаргасан эсвэл техникийн гэмтэл гарсан байж болзошгүй гэж үзэж байна.
Эмгэнэлт явдал Болгарын нийслэл Софиа хотоос холгүй “Струма” замд орон нутгийн цагаар 02.00 цаг орчим гарчээ. Автобус 50 м зайд замын хаалтуудыг мөргөж, шатсан байна. Амьд үлдсэн долоон хүн нь Умард Македонийн иргэд бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.
Ойрын үед ослын газарт Умард Македонийн Ерөнхий сайд Зоран Заев очих аж.