“Эрхэт Монгол Медиа групп”-ийн ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор зохион байгуулж буй “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн оролцогч, жүжигчин М.Намуунцэцэгтэй ярилцлаа.
БИ ЗААВАЛ НОМЫГ НЬ ҮЗЭЖ, СУРГУУЛИА ТӨГСЧИХӨӨД
АЛБАН ЁСООР ЖҮЖИГЧИН ГЭЖ ХЭЛҮҮЛНЭ
- Намуунцэцэг багадаа ямар хүүхэд байсан бэ. Хийх дуртай зүйл нь юу байв?
-Би үзэл бодлоо илэрхийлэхээс ичдэг, ангид ийм хүүхэд байдаг билүү гэмээр чимээгүй, даруухан охин байсан. Багаасаа кино болон загварын шоу их үздэг, урлагт хайртай байсан. Загвар өмсөж байна гээд ээжийнхээ алчуурыг хувцас болгоод өмсөнө. Бас юм оёх их дуртай. Гар оёдлын машин авчихсан, ээжийнхээ хувцсыг танаж өмсөөд “алуулдаг” байлаа.
Би бага ангидаа намхан байсан. Ахлах ангид ороод гэнэт өндөр болж, хүсэж байсан загвараараа явсан даа. Түүнийг ээж маань дэмжиж, намайг загварын тэмцээн уралдаанд их оролцуулдаг байлаа. Шагнал авч чадахгүй, уйлаад л гарч ирдэг. Дараа жил заавал ялна гэж тэмцээнд их ордог байсан. Хэдэн жил ингэж яваад шагнал аваагүй.
Хөдөлмөрийн хичээл дээр төгсөх ангийн хүүхдүүд хийсэн хувцсаа танилцуулна. Түүн дээр эгч нарын хувцсыг 10 мянган төгрөгөөр өмсөөд өгчихнө. Жаахан хүүхэд дуртай ажлаа хийгээд мөнгө авна гэдэг урамтай.
Ингэж сургуулиасаа загвар өмсөж эхэлсэн. Удалгүй агентлагт орж, тэмцээн уралдаануудад байр эзэлж, шагнал авч эхэлсэн. Багаасаа мөрөөдөж, нүдэндээ харж байгаагүй зүйлсээ бий болгосон гоё үе байсан. Ингээд кино урлагт дуртай учраас СУИС-д элсэж, жүжигчнээр түлхүү ажиллах сонирхолтой болсон. Кино гоё шүү дээ. Яаж ч ядарч, нойргүй явсан дуртай, хайртай болохоор кайфтай ажилладаг.
-Та СУИС-ийг жүжигчнээр төгссөн үү? Таныг өөр чиглэлээр суралцсан гэж сонссон.
-Төгсөөгүй. Дунд нь аялал жуулчлалын чиглэлээр бизнес хийх болж, аялал жуулчлалын менежментээр суралцаж, төгссөн.
Номыг нь үзэж, жүжигчнээр суралцаж төгссөн хүн өөр байх гэж одоо ч би боддог. Би хэдийгээр кинонд тоглоод явж байгаа ч номыг нь сураагүй учраас “жүжигчин” гэж хэлүүлэх дургүй. Тиймээс би заавал номыг нь үзээд, сургуулиа төгсчихөөд албан ёсоор жүжигчин гэж хэлүүлнэ.
-Та “Хар сувдын нууц” кинонд яаж тоглож байв?
-Миний анх тоглосон кино “Хар сувдны нууц”. Намайг “F studio”-ын Амри гэдэг залуу дуудсан, кино гэж хэлээгүй. Тухайн үед би загвар өмсдөг байсан болохоор реклам, сурталчилгааны ажил болов уу гэж бодоод очсон. Тэгтэл бөөн жүжигчид. Зурагтаар л хардаг хүмүүстэй нүүр тулаад ичиж, санаа зовоод сууж байтал продюсер С.Насанжаргал эгч “Миний дүү бос доо” гэнэ. Бослоо, эргэ дээ гэнэ, эргэлээ. Тэгээд “май энийг уншаад сууж бай” гэсэн нь кино зохиол байсан.
Зохиолоо уншиж дуусаад байж байтал “За ийм кино хийх гэж байна. Вьетнам руу явна. Гадаад паспортаа аваад ирээрэй” гээд, удалгүй явсан. Тэр үед би шоконд орсон. Би кинонд тоглохыг мөрөөддөг байсан. Гэтэл биелэлээ олчихсонд итгэж чадахгүй байсан.
Анх кинонд тоглохдоо “Би жүжиглэж чадахгүй бол киногоо баллачихна. Энэ хол надад итгэл хүлээлгээд ирсэн кино баг, мундаг жүжигчдийнхээ ажлыг баллачихгүй юмсан гэж их хичээсэн.
Кино багийнхан маань намайг ойлгож, тусалж байсан болохоор зовлонгүй киноны зургаа дуусгаж байсан.
БИ САХИЛГАГҮЙ СУРАГЧ ОХИНЫ ДҮРД ТОГЛОХЫГ ХҮСДЭГ
-Та хотод өссөн үү. “Нийслэл хүүхэн” МУСК дээр хөдөөний охины дүрийг бүтээсэн. Хөдөөний амьдралыг хэр сайн мэддэг байсан бэ?
-Би хотод өссөн. “Нийслэл хүүхэн” киноны маань дүр “Хар сувдны нууц”-аас тэс өөр. Би энэ кинонд явснаараа монгол ахуй амьдралыг сайн мэддэг болсон. Цаг агаар шинжихээс эхлээд олон амьдралын ухагдахуун байдгийг мэдэж авсан. Хамгийн гол нь гоё найзуудтай болсон. Бид 45 хоногийн турш өдөр, шөнөгүй хамт байсан болохоор бие биеэ санадаг, уулздаг, гэр бүл шиг болсон доо.
“Orange entertainment”-ын Баяржаргал эгчийг дуудахаар нүүрэээ ч будалгүй шууд яваад очсон. Намайг эхлээд хотын охины дүрд авъя гэсэн ч будаггүй царайг минь хараад хөдөөний охинд тохирно гэж бодсон байх.
Хамгийн хөгжилтэй нь намайг Тагтаатай партнёр болгож Саранцэцэг биш Гэрэлцэцэг гээд дүүгийнх нь дүрд тоглуулах гэж байсан. Гэтэл бид хоёр өндөр, намын хувьд хол зөрсөн. Ингээд Саранцэцэгийн дүрд тоглосон доо.
-Жүжигчин хүн бүрт мөрөөдлийн дүр байдаг гэдэг. Таны хувьд?
-Би сахилгагүй сурагч охины дүрд тоглохыг хүсдэг. Намайг форм өмссөн, галзуу” сурагч охин шиг харах хүн байдаггүй юм байх даа гэж боддог. 10 жил гоё шүү дээ. Одоо ч гэсэн дүүгийнхээ формыг өмсөж үзмээр санагддаг. Бас хатны дүрд тоглохыг хүсдэг.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Айлын том. Нэг охин дүүтэй. Дүү маань “U models agency”-т загвар өмсөж байгаа.
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоогоор хэд хэдэн контент дээр ажиллаж байна. Хөөрхөн хөөрхөн дүрүүд байгаа. Удахгүй үзэгчдэд хүрнэ.
-Урлагтай амьдралаа холбосон хүмүүсийг хараад байхад бэрхшээлтэй олон зүйл байдаг. Тэр дундаа урлаг эмэгтэй хүнд хатуу байх шиг. Энэ тал дээр таны болдлыг сонсъё.
-Ер нь урлагийн хүний амьдрал хэцүү. Кино зураг авалтаар их явна. Ар гэрийн амьдрал алдагдана. Сараар явахад ард үлдэж байгаа хүмүүст хэцүү. Өөрөөсөө харж байхад гэр бүлдээ зарцуулах цаг бага. Киноны зураг авалтаас ирээд алдсан хугацаагаа нөхөх гэж хичээдэг. Эмэгтэй хүний ард арын амьдралыг нь маш сайн даадаг эр нөхөр байх ёстой санагддаг.
Миний хувьд уран бүтээл, ар гэр, амьдралаа ч зохицуулаад ганцаараа хичээгээд явж байна. Кино зурагтай үед хүүхдээ нааш, цааш зөөхөөс эхлээд хааяа хэцүү санагддаг. Санаа зовох зүйлүүд ихтэй болчихдог. Арыг минь сайн даадаг сайн нөхөртэй байсан бол ажилдаа төвлөрөөд, стресс багатай байх байсан болов уу гэж хааяа боддог. Гэхдээ би энэ ажлаа хиймээр, суралцмаар байна. Багаасаа дурлаж сонгосон учраас үүнийгээ орхиж чадахгүй.
Миний аав ээж надад маш их дэм болдог. Би ямар азаар аав ээжийнхээ хайран дунд байдаг юм бэ. Ёстой л эцэг, эхтэй тулдаа л амьдралыг болгож байна. Амьдрал бас хатуу, сонин шүү дээ. Яаж ч өөрчлөгдөж магадгүй. Хамгийн гол нь хүн өөрөө л зөв байх хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор өнөөдөр өөрсдийгөө бүтээж, ирээдүйн төлөө зөв л байх хэрэгтэй. Өөрийгөө алдахгүй, бусдад хэзээ ч гай болохгүй, бусдын урмыг хугалахгүй, зөв байх гэж хичээгээд л явна даа.
-Та өөрийгөө цөөн үгээр тодорхойлбол Намуунцэцэг дотоод мөн чанарын хувьд ямар хүн бэ?
-Үзэл бодлын хувьд зөв замаар амьдарч, зөв хүн байхыг хичээдэг. Би ер нь зөөлөн хүн. Хэтэрхий олон зүйл боддог, дотогшоо. Алдаа гаргахыг хүсдэггүй. Алдаа гаргасан ч алдаанаасаа суралцаад цааш ахихыг л хүсдэг.
Ер нь бол сайн суралцъя, чадах зүйл байвал бусдад тусалдаг байя. Сайн ээж ч байя, аав ээжийнхээ сайн охин нь байя. Ер нь л зөв байя л гэж боддог доо.
Бусдад аль болох сайхан үгийг хэлье. Магтаж чадахгүй юмаа гэхэд муухай үгийг хэлдэггүй байя. Үргэлж бусдад эерэг хандлагыг бий болгоё гэж боддог. Аль болох хайртай хүмүүсээ өөрийн буруу үйлдлээс болж алдахгүй байхыг хичээдэг.
ШОУНД ОРОЛЦСОНООР АЙДАСТАЙГАА НҮҮР ТУЛЖ, ӨӨРИЙГӨӨ ЯЛЖ ЧАДСАН
-“Anuxai’s Fitness Show” нэвтрүүлэг үзэгчдийн үзэх дуртай контентын нэг болоод байна. Таны хувьд энэ шоунд яагаад оролцохоор шийдсэн бэ?
-Анх нэвтрүүлгийн санал хүлээж аваад орох уу, болих уу гэж их эргэлзсэн. Би өөрийнхөө таргалалттай байгаагаас ичдэг, бусдад ил гаргахаас айдаг байсан. Олон жилийн өмнө үнэг Цоомоо гахай Цоомоо болсон байна гэж доромжилж байсан болохоор айдастай болчихсон байсан. Тийм болохоор миний хувьд энэ шоунд оролцох шийдвэр маш том зориг шаардсан. Яахав нэг удаа өөрийгөө туршаад үзье. Хичээгээд үзье. Бусдын хэлэх үгнээс айхгүйгээр зориглоод үзье гэж оролцохоор шийдсэн.
Өмнө нь бусдын хэлэх үгнээс айдаг байсан ч эсрэгээрээ нэвтрүүлгийн үеэр надад амжилт хүссэн мессежүүд их ирсэн. Тэрнээс их урам ороод, тэрнээсээ урамшаад, хөөх намайг дэмжих хүмүүс байдаг юм байна, намайг ойлгох хүмүүс гарч ирдэг юм байна. Тийм болохоор юманд баригдахгүй, дотогшоогоо байхгүй, би ч гэсэн өөрийгөө илэрхийлье. Бусдад яаж туслах боломж байна тэр хэмжээгээрээ тусалъя гэдэг бодолтой болж эхэлсэн.
-Энэ шоу танд ямар өөрчлөлтийг өгч байна вэ?
-Надад бол маш олон өөрчлөлтүүд гарсан. Би фитнесийн спортыг сайн мэдэж авлаа.
Бие дээр ч их өөрчлөлтийг өгсөн. Эхлээд дасгал хийхэд хамаг бие булгараад хэцүү байсан. Хаана, ямар булчин ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй. Сүүлдээ дасгал хийхэд булчингаа мэдрээд эхлэхээр урамтай, үнэхээр кайфтай байдаг юм билээ.
Миний амьдралын хэв маяг хүртэл их өөр болсон. Хооллолт эрүүл болсон. Өөрийн эрүүл мэндээ их хайрладаг боллоо. Дээрээс нь айдастайгаа нүүр туллаа. Сэтгэл зүйгээ өөр болгож, илүү хүчтэй, тэнхээтэй, болж эхэлсэн.
Намайг дэмжиж, ойлгох хүмүүс гарч ирдэг юм байна. Тийм болохоор аливаад баригдалгүй, өөрийгөө илэрхийлье. Бусдад яаж туслах боломж байна тэр хэмжээгээрээ тусалъя гэдэг бодолтой болсон.
Энэ шоугаар их олон зүйлийг ойлгож авсан. Бусдыг дэмжсэн үг ямар их хэрэгтэй байдгийг мэдэрсэн. Өөрийнхөө “би чадахгүй байх” гэсэн айдастайгаар нүүр тулсан. Надад хэн ялагч байх нь чухал биш. Хамгийн гол нь би өөрөө өөртөө явагч нь болж чадсан гэж бодож байгаа. Тэмцээн дундаа орж, өөрийнхөө өөрчлөлтийг мэдрэх тусам надад 10 саяын эзэн хэн болох нь сонин биш болсон. Зүгээр л би өөрийгөө ялан дийлсэн. Өмнө нь байсан гутранги, бусдын хэлэх үгнээс айдаг, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, хэтэрхий их юм бодож, тэрэндээ шаналдаг байж. Хүний амьдрал юм чинь бодох зүйл их байгаа шүү дээ. Тэр болгонд ер нь л сул байсан. Одоо бол шал өөр болсон. Би чадах юм байна. Би залуу байна. Миний амьдрал дахиад цааш үргэлжилнэ. Тэр бүгдийг би өөрөө л бүтээнэ. Сайхан амьдрахын тулд би өөрөө маш зөв байх хэрэгтэй. Зөв замаар, зөв үзэл бодлоор, зөв явах ёстой юм байна. Би чадна гэсэн итгэлийг олж авсан.
-Хүмүүс турах юмсан гээд яриад яваад байдаг. Үйлдэл хийсэн ч тууштай биш анзаарагддаг. Амжилттай жингээ хасахын тулд анхаарах зүйл юу байна вэ?
-Би өмнө нь дан хооллолтоор турна гэж боддог байсан. Хөдөлгөөн гэхээр гүйх, алхах, хөлс гаргах зэргээр боддог байлаа. Гэтэл зөв хооллолтын дэглэмээс гадна булчингийн массаа алдалгүй өөхөө хайлуулахын тулд ямар дасгал, хөдөлгөөн хийх вэ гэдэг чухал юм билээ.
Биеийг бол хүн яаж ч төгс өөрчилж болох юм байна. Харин тэгж өөрчлөхийн тулд хамгийн гол нь сэтгэл зүй чухал. Өөрийгөө чадна гэдэгт итгэж, хичээх хэрэгтэй. Иддэг цагтаа идээд, унтдаг цагтаа унтаад байвал өөрт ч амар, бие ч өвдөхгүй. Дээрээс нь гоё сайхан байна.
Миний хувьд эхний 14 хоног хүндрэлтэй байсан. Цаашаа бол бие хөнгөрөөд, хоолондоо ч дасна. Биед илт өөрчлөлт гараад, эрч хүч аваад идэх хүсэл төрөхгүй. 7-14 хоногийн хугацааг л давчихвал болчихно.
Буруу хооллолтой байсан хүн гэнэт зөв хооллохоор эхний өдрүүдэд хооллолт таалагдахгүй, өлсөөд үнэхээр хэцүү. Тухайн үед сэтгэл зүйг маань манай багш маш сайн бэлдэж өгч байсан. Шахаад байгаа юм шиг мөртлөө цаагуураа анхаарал тавиад байхаар хүн бас өөр болдог юм билээ. Ер нь аягүй зөв техникээр бидэнтэй харьцаад явсан болохоор аль болох хоолоо алдахгүй хичээсэн.
-Шоу эхэлснээс хойш та бүгдийн биед үр дүнтэй өөрчлөлт гарсан нь илт харагдсан. Үүнд багшийн нөлөө их байгаа байх?
-Манай Анухай багш маань үнэхээр мундаг багш. Энэ шоунд оролцож, Анухай багшаар заалгаж, өөртөө өөрчлөлт хийж чадсан минь нэг талаараа их азтай. Хувь хүнийх нь хувьд тэр хүнтэй ярилцахад амар, багшийн хувьд ч тэр хүний шавь болсон нь надад зөв сонголт байсан.
Анухай багш маань үнэхээр гайхалтай сэтгэлтэй, маш дайчин. Хамгийн гол зүйл нь шулуухан. Бас хүнийг хэрэгтэй үед магтаж, урмын үг хэлж чаддаг. Өлсөж ядарсан, ууртай хүн чинь багшаасаа нэг гоё үг сонсоход л тэр өдрөө цэлмээд явчихна.
Бидний хоолыг маань 7 хоног бүр сольж, хийж чаддаггүй дасгалууд дээр төвлөрч ажиллах, өөхлөлттэй хэсэг дээр таарсан дасгалууд хийлгэнэ. Шөнийн 12 цагт онлайн байвал унтаарай, нойр чухал шүү, хоол идээгүй биз гэж санаа тавина. Өдөр бүр жин шалгана. Тухайн хүн бидний төлөө цаг заваа гаргаж, адилхан ядарч, яг л аав ээж шиг бидэнд илүү санаа зовно. Ийм байтал хоолны дэглэмээ зөрчөөд багшийнхаа урмыг нь хугалчихгүй юмсан гэж хичээж байгаа.
МИНИЙ МУУХАЙ ОРИЛОХЫГ СОНССОН ХҮМҮҮС УУЧЛААРАЙ
-Өнгөрсөн дугаар дээр та караокедож байгаад багшдаа шийтгүүлсэн Тэр мөчийг эргээд бодоход ямар байна вэ?
-Яг тэр момент үнэхээр аймшигтай байсан. Хүмүүс намайг ямар арчаагүй юм бэ, өөрийнхөө төлөө турж байж хичээсэнгүй гэх болов уу гэж үзэгчдээсээ хамгийн их санаа зовсон. Мөн миний буруутай үйлдлээс болоод бусад маань шийтгүүлчих вий, надад уурлах байх гэж санаа зовсон. Маргааш нь хэрэг хийсэн хүн нөгөө хэдийнхээ царайг харж чадахгүй, үг ч гарахгүй, аль болох дөлөөд байсан. Гэтэл манай хэд намайг маш гоё хүлээж авсан. Тэгж хүлээж авна гэж ерөөсөө бодоогүй болохоор тэр үед нууцаар жижигхэн нулимс унагаасан. Маш их баярласан. Тэр үед л хүний сэтгэл ямар гоё юм бэ, алдаа хийсэн нэгийгээ ойлгож, дэмждэг нь ямар гоё юм бэ, хамт олон гэдэг ямар гоё юм бэ гэдгийг сайн мэдэрсэн.
Шийтгэлийн хувьд хайчин суултаар 500 алхах нь хэцүү санагдаж байсан ч шийтгэлээ хүлээж авахад дургүйцаагүй. Өөрөө буруу зүйл хийсэн хүн шийтгэлээ үүрэх ёстой. Хамгийн гол нь багийнхан болон багшийнхаа урмыг хугалах л надад хамгийн хүнд байсан. Хүний урмыг хугална гэдэг л хамгийн муухай. Одоо караоке харахаар айгаад байгаа.
-Энэ шоугаар таны “уянгалаг дуу” их алдартай болоод байна л даа?
-Би зориудаар биш өвдөөд ёолоод байгаа нь тэр. Дараа нь нэвтрүүлгээ үзээд өөрийгөө харж чадахгүй, их ичсэн. Ямар ч муухай сонсогддог юм бэ.
-Комментоос харахад хүмүүст их л таалагдсан бололтой байсан.
- Ёстой тэгж дуугардаг гэж бодоогүй. Камер дээр ёстой муухай сонсогддог юм билээ. Тэрийг сонссон хүмүүс намайг уучлаарай.
Нэг хүн энэ ямар балиар орилдог юм бэ гэхээр нь бантсандаа “Муухай орилсон уучлаарай, би өөрийгөө ч ийм гэж бодсонгүй. Дахиж орилохгүй байхыг хичээнэ” гээд коммент бичтэл ээж маань “зүгээрээ миний охин” гэж орж ирээд бүр их ичээсэн.
-Та эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнд дадал болж байгаа байх. Нэвтрүүлэг дууссаны дараа фитнесээр үргэлжлүүлэн хичээллэх үү?
-Миний амьдралын хэв маяг эрс тэс өөрчлөгдсөн. Одоо иддэг хоолондоо их дуртай болчихсон. Хооллолт зөв болохоор бие гадна талаасаа өөрчлөгдөхийн зэрэгцээ эрүүл мэнд илт өөр болж, арьс гоё болж байна. Эргээд бодоход би өөртөө ямар хайхрамжгүй хандаж, өөрийгөө хайрладаггүй байсан юм бэ. Тийм болохоор цаашаа үргэлжлүүлээд явна. Би дахиж таргалж, тэрнээсээ ичдэг байхыг хүсэхгүй байгаа. Аль болох өөрийгөө төгс өөрчлөөд, түүнийгээ хадгалаад явна. Ер нь эмэгтэй хүн яаж ч байсан өөрийгөө хаяж болохгүй юм байна.
Шоунд оролцох санал тавьсан “ТВ8” телевизийн хамт олонд их баярлаж байгаа. Анх айж байсан ч одоо бол нэвтрүүлэгт орсон нь зөв болсон. Өмнө нь би “Ардын журамт цэргийн мөрөөр” гэдэг шоунд оролцож байсан. Ингээд харахад ТВ8 бол шоу нэвтрүүлгийг үнэхээр сайн хийдэг юм байна. Дээрээс нь “Эрхэт Монгол” группийн хамт олон их гоё юм байна. Ажлыг чанартай, яг цагт нь хийж, ард нь группээрээ ажиллаж байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд мөн амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 6 )
Амжилт хүсье охин минь.байгаагаараа бай гоё л бна шдээ
Unheer mundag egch shuu daruuhan hoorhon bs in hujirheg egch shuu amjilt husie
санаа зөв бол заяа зөв. Амжилт хүсье
Yadag yum be zaaval khund taalagdakh ni albuu khuurkhun tankhilkhan l bsan...minii jaakhan okhinoos yalgaa yu bna...ichikh yum yu bna...kharin ch emegteileg bsan sh dee...amjilt
Huurhun ohin. Goy Jujigchin bolnodoo
Зүгээрээ бусдад яаж харагдахаасаа санаа зовж амьдарна гэж юу байсан юм бэ. Эртний монголчууд чин хөөрхөн бумбагар, зохих хэмжээний мах мариатай, буян булцгар хоёр нь жигдхэн тохирсон бүсгүйчүүд л сайхан хатад гэж дуудуулдаг байсан юм ш дээ. Чамайг одоо байгаагаар чин хүлээн авч байгаа хүнтэй л хамт бай. тэгэхгүй бол дараа нь тэд нар чин чамайг өмнөхтэй чин байнга харьцуулж, чи ийм байгаагүй ш дээ, чи өмнөхөөсөө бүдүүн муухай болчихсон байна ш дээ гээд л гоншигноод дургүй хүргээд лай болоод, нэг бол байнга турах гэж зовлогоо зовооно эсвэл сална. одоо байгаа чин яг болж байна.