М.Аззаяа: Миний хувьд дөнгөж үүр цайж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

“Эрхэт Монгол Медиа групп”-ийн ТВ8 телевиз, Fitness Agency хамтран зохион байгуулж буй “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн оролцогч, жүжигчин М.Аззаяатай ярилцлаа.


-ХҮҮХЭД БАЙХДАА ФИТНЕСС МОДЕЛЬ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ БАЙЛАА-

-Анх та “Anuxai’s Fitness Show”-ны урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би жингээ хасахын тулд өмнө нь янз бүрийн л спортоор хичээллэж байлаа. Фитнесс, иог, бассейн, бокс гээд л. Харамсалтай нь, хэт их ачаалалтай дасгал хийхээр бие сульдаж, хэд хэдэн удаа ухаан алдаж байсан юм. Тийм болохоор дасгал, хөдөлгөөн хийхдээ их болгоомжилдог болсон. 

Жингээ хасахыг хүсэж байсан үед минь шоуны урилга ирсэн болохоор баяртай хүлээж авсан. Өмнөх шалтгаанаа Анухай багшдаа хэлж, зөвлөгөө авсан болохоор өөрийгөө сорьж үзэхэд боломжтой гэж үзээд, зориглосон. Шоунд оролцож байгаадаа маш их баяртай байгаа. Одоо жингээ хасахын тулд олон зүйлийг туулж байна даа. 

-Шоуны эхэн үед ямар байсан бэ, огцом дасгал хийж, хоолны дэглэм барих хэцүү байв уу?

-Ямар нэгэн зүйлийг хийхийн өмнө сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Мэдээж богино хугацаанд их жин хасах учраас өлсөнө, ядарна. Тийм болохоор шоу эхлэхийн өмнө өөртэйгөө ярилцаж, сэтгэл зүйгээ бэлдэж байсан.

Мэдээ, би шууд л мундаг байгаагүй ээ. Эхний 15 өдөр маш хүнд байсан. Шат байтугай жижиг босгоор ч гарч чадахгүй болтол бие маань булгарсан. Тийм хөндүүртэй байхад дахиад дасгал хийх хэцүү юм билээ. Бас хоол сойж, дэглэм барьсан. Тамираа тасартал ядарсан үе байсан. Одоогоор хэд хэдэн удаа уйлчихсан л байна. Цаашдаа юу болохыг мэдэхгүй байна. Гэхдээ би энэ бүхэнтэй нүүр тулахыг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас хэцүү байна гэж дугарахыг хүсэхгүй байна. Нулимсаа үзүүлэхгүй байхыг хичээж байгаа.

-Жин хасахад хооллолт 80 хувь, дасгал 20 хувь нөлөөлдөг гэдэг юм билээ. Хоолны дэглэм барих хэр байна?

-Өөрийнхөө хоолыг зохицуулна. Гурван хүүхдийнхээ хоолыг хийж өгнө. Амаргүй л байна. 

-Шоуны эхний 15 хоногт хүнд байсан гэлээ. Энэ хугацаанд больё гэж бодож байв уу?

-Саяхан, нэвтрүүлгийн үеэр спиннингээр хичээллэж байгаад шөрмөс татаад унасан. Надад хэт их ачаалласан юм шиг байгаа юм. Түүнээс хойш удалгүй бие бүхэлдээ хавагнасан. Шинжилгээ өгөхөд "Бөөрөнд хэт их ачаалал өгсөн байна. Хөдөлгөөнөө хорь" гэж эмч хэлсэн. Гэхдээ би хөдөлгөөн хоримооргүй байгаа. Тэмцээн маань ид дундаа орж байна. Яаж ийж байгаад л 45 хоногоо дуусгана гэж бодож байна.

-Хүнд дасгал, хатуу хоолны дэглэм барьж байгаа гэхэд сэргэлэн, цовоо байна лээ?

-Би хэн нэгэнд төвөг удахыг хүсдэггүй. Өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа бэрхшээлийг бусдад ярихыг ч хүсдэггүй юм. Ер нь бол өөрийнхөө асуудлыг бусдад наалдуулж болохгүй шүү дээ.

Хэн нэгэнтэй уулзаж байгаа хэсэгхэн хугацаандаа аз жаргалтай байхыг хичээдэг. Хүн гэдэг бие биедээ хайр түгээх хэрэгтэй шүү дээ. Яг л энэ зан чанараараа шоунд хандаж байгаа.                                 

-Шоу эхлээд 20 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Таны амьдралд хэр нөлөөлж байгаа бол?

-Маш их үр өгөөжтэй байгаа. Биеийнхээ бүтцийг ойлгохоос эхлээд маш их зүйлийг шоунаас сурч байна. Ачаалал даах чадвараа хүртэл мэдэж авлаа.

Одоо бүр өөхөө хэмждэг болоод байгаа (инээв). Биеийнхээ хэсгээс барьж үзээд гурилан бүтээгдэхүүн их идсэн байна, будаа идсэн байна гэх мэтээр жин нэмж, хасаж байгаа эсэхээ үздэг болсон шүү. Хүний бие яг л идэж байгаа зүйлээс хамаардаг юм билээ.

Би багадаа фитнесс модель болохыг хүсдэг байсан. Тэр мөрөөдлөө одоо яагаад биелүүлж болохгүй гэж. Анухай шоу мөрөөдлөө биелүүлэх эхлэлийг минь тавьж өглөө. Цаашид хичээх болно оо.

-ФИТНЕССЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГААД УХААН АЛДАЖ, ТҮРГЭНИЙ ТЭРГЭЭР ГЭРТЭЭ ХАРЬЖ БАЙСАН-

-Шоунд оролцохоос өмнө дасгал хийж байгаад ухаан алдаж байсан гэж та ярьж байсан?

-Тийм ээ. Өмнө нь фитнессээр хичээллэж байгаад гурван удаа ухаан алдаж, түргэний машинаар гэртээ харьж байсан. Яагаад ингээд байсныхаа учрыг олоогүй. Шоунд оролцвол үүнийхээ шалтгааныг олох юм болов уу гэж бас бодсон. Тэгээд энэ талаар Анухай багшдаа хэлтэл “Төрөөд удаагүй байхдаа дасгал хийсэн болохоор хэт их ачаалал авсан байж магадгүй. Одоо төрөөд удаж байгаа учраас гайгүй” гэсэн. Тэгээд л хичээж эхэлсэн дээ.

-Хоёр дахь төрөлтийнхөө дараа дасгал хийсэн хэрэг үү?

-Тийм ээ. Төрсний дараах хүндрэлтэй төрөлт байсан. Хүүхдээ есөн сар тээж чадалгүй төрүүлсэн. Их цус алдалттай, яаралтай хагалгаагаар төрсөн. Түүний дараа сэхээнд нэлээд удаан байсан. Эмнэлгээс гарч ирээд буцаад сэхээнд орох хэмжээний хүнд байдалд орсон юм.

Тэр үеэс хойш илүүдэл жинтэй болсон. Дараа нь жингээ хасахын тулд иог, фитнесс, бассейн, бокс гээд л хийж үзээгүй зүйл бараг байхгүй ээ. Даанч бие маань дийлэхгүй байсан.

Би багаасаа дотоод шүүрлийн булчирхайн тасагт эмчлүүлдэг байсан юм. Үүнээс шалтгаалж төрөхөд хүндрэл үүссэн юм билээ. Хүчний дасгал хийхээр ухаан алдаж унаад байсан маань үүнтэй холбоотой байх.  

-Илүүдэл жинтэй болоод хямарсан уу?

-Хүн илүүдэл жинтэй болно гэдэг нь гадаад гоо сайхнаа алдаж байна гэсэн үг. Гадаад гоо сайхан бол хүний өөртөө итгэх итгэл, дотоод зан чанарт маш их нөлөөлнө. Гадаад төрхөөсөө санаа зовоод гэрээсээ аль болох гарахгүй байхыг хичээнэ. Таарах хувцас ч олдохгүй болдог. Нөгөө талаас таргалалт гэдэг бол өвчин шүү дээ. Огт сайхан зүйл биш.

-МИНИЙ ХУВЬД ДӨНГӨЖ ҮҮР ЦАЙЖ БАЙНА-

-Шоуны үеэр оролцогчид болон багштайгаа хамт ярилцаж суухдаа “Надад бүтэн нойртой хоносон өдөр цөөхөн” гэж ярьж байсан?

-Хоёр хүн хамтдаа амьдралаа авч явах, ганцаараа авч явах гэдэг асар их ялгаатай. Бүх зүйлд ганцаархнаа санаа зовж, амьдарна гэсэн үг шүү дээ. Гурван нялх үрээ ганцаараа өсгөнө гэдэг их хүнд даваа. Шөнө унтаж чадахгүй. Маргааш яах вэ, юу хийх вэ гээд маш их зүйл бодогдоно. Тархи амрахгүй болохоор нүдээ аниад хэвтсэн ч оюун бодол унтдаггүй юм билээ. Бүр мэдрэлийн саажилттай болж байсан. Тэр үед надад нэг л зүйл бодогдсон. “Азаа, Чи гурван хүүхдээ авч явах учраас яасан ч өвдөж болохгүй. Өвдвөл хүүхдүүд чинь яах болж байна” гэж бодоод өөрийгөө анхаарч эхэлсэн. Амьдралын төлөө хэт улайрч, өөрийгөө гаргуунд нь хаяж болохгүй гэдгийг маш сайн ухаарсан даа.

Гэхдээ энэ бүхнийг ганцаараа даван туулж чадахгүй. Өдий зэрэгтэй явахад минь аав, ээж, дотны хүмүүс минь их тусалсан. Одоо том охин Номуунбилэг маань ээждээ маш их хань, түшиг болж байгаа. Айлын том гээд охиндоо хэтэрхий их хариуцлага үүрүүлээд, хатуу гараар өсгөчихсөн байж мэднэ. Тийм болохоор охиноосоо уучлалт гуймаар санагддаг юм. Гэхдээ ирээдүйн амьдралд нь хэрэг болох байх аа.

-Одоо хүүхдүүд нь том болсон болохоор таны үүрч байгаа ачаа бага ч болов хөнгөрсөн байх?

-Хүүхдүүд маань том болсон учраас одоо өөртөө зарцуулах цаг нэмэгдэж байгаа. Би өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлахгүйгээр амьдрал гээд яваад л байвал магадгүй 10, 20 жилийн дараа нөгөө Азаа дахиад л амьдрал гээд л явж байх юм байна гэж бодсон. Тиймээс шоунд ихэнх цагаа зарцуулж байна. 

Хүн эрүүл саруул байхад болохгүй зүйл гэж байхгүй. Бүх зүйл боломжтой. Цаашдаа илүү сайн ажиллах болно. Миний хувьд дөнгөж үүр цайж байна.

-Шоугаа дуусгаад юу хийхээр төлөвлөж байна, Киноны санал олон ирж байгаа байх даа?

-Ер нь бол хүн амьдралынхаа ихэнх хувийг ажил руугаа зориулж байж амжилтад хүрэх юм билээ. Миний хувьд ажил, гэр бүл хоёртоо ижил цаг зарцуулж, хоёуланг нь алдахгүй байхыг хичээсэн учраас ажил ч тэр, амьдрал ч тэр хоёулаа дундуур яваа гэж боддог.

Би кино зохиолоо бичиж эхлээд таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Киногоо хийхийн даваан дээр санхүүжилтийнх нь 50 хувь буцчихсан юм. Тийм учраас дутуу зүйл рүү ороод яахав гээд эхлүүлээгүй байгаа юм.

Одоо зохиол дээрээ дахиж ажиллаад, бүрэн хэмжээний уран сайхны кино гаргахыг зорьж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(66.181.179.174) 2022 оны 07 сарын 08

Хөөрхөн юмөа

0  |  0
Munhuu(202.55.188.34) 2022 оны 07 сарын 07

Sain hicheegeerei setgel saitai busgui shig sanagdsan

0  |  0
G.T(66.181.161.98) 2022 оны 07 сарын 07

mundag bn sharguu daichin bn

1  |  0
Ерөнхийлөгч(103.57.94.169) 2022 оны 12 сарын 21

Удам сайтай хүний үр ухаантай л байдаг юм байна. Азаадаа аз жаргал хүсэе. Гол нь эрүүл байгаарай. Энэ тэмцээнд ялах нь чухал биш шүү. Маш том амжилт алаг нүдэн минь.

3  |  0
А Ч(122.201.21.191) 2022 оны 07 сарын 07

Ч үсгээр эхэлсэн сайн хүнтэй удахгүй учрах юм байна... гээч 124.158.68.158 - аа.

1  |  0
тэнэг Өнөрөө(202.21.104.2) 2022 оны 07 сарын 07

За эдэн дунд Өнөрөө юучив дээ

0  |  0
Tuul(66.181.181.236) 2022 оны 07 сарын 07

Mundag bvsgvi bnalee, huurhun ohintoi yum bnalee\nZovsnii etsest jarganaaa bvsgvi mini

4  |  0
Чимэд(124.158.68.158) 2022 оны 07 сарын 07

Сайхан бүсгүй байна шантарч болохгүй амьдралд чинь хайр дурлалын асар өргөн ирээдүй харагдаж байна.Би хааяа юм мэдээд байдаг Харсан хэлсэн зүйл маань гэнэт биелчих тохиолдол гардаг Амжилт хүсье.Сайн яваарай.

4  |  0
Top