ЧИНГЭЛТЭЙ: Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн иргэдтэй уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 19, 24 дүгээр хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад 19 дүгээр хорооны Засаг дарга Л.Цэеэрэгзэн, 24 дүгээр хорооны Засаг дарга Э.Бадрал, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ш.Амартайван, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, 117 дугаар сургуулийн захирал Д.Нарантөгс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Наранзул, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн болон дүүргийн мэргэжилтнүүд байлцав.

Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт болон тус хороодод улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Энэ онд бид 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадсан. Үүгээрээ иргэдэд нэн тулгамдаж буй асуудлууд болох нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн цогцолборууд, Төр захиргааны байр барих газрыг чөлөөлөх, зам тавих, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Чингэлтэй дүүргийн иргэдийн зүгээс ч шийдвэр гаргах түвшний хүмүүс биеэр ирж уулзаж цаашдын ажил, төлөвлөгөөгөө танилцуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.

19 дүгээр хорооны иргэдийн хувьд сургууль, цэцэрлэгүүдийн өргөтгөлийн ажлыг хурдавчлуулах, худгийн тоог нэмэх, иргэдийг соён гэгээрүүлэх, зам засах зэрэг ажлуудыг шуурхай хийж өгөхийг хүссэн бол 24 дүгээр хорооны иргэдийн дийлэнх нь газрын гэрчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top