ЧИНГЭЛТЭЙ: Олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн барилгатай болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн мэргэжилтэн Жаяти Нигам, Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Алтантуяа, төслийн дэд зохицуулагч Г.Баясгалан тэргүүтэй мэргэжилтнүүд өнөөдөр Чингэлтэй дүүргийн шинэ эмнэлэг баригдах газартай танилцлаа.

Уулзалтад Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ш.Амартайван, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг нар байлцав.

 

1997 оноос Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан Эрүүл мэндийн төв 2014 оны долдугаар сарын 31-ний өдрийн НЭМГ-ын даргын А/82 тоот тушаалын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болгон бүтцийн өөрчлөлт хийгдэн 227 ортой нэгдсэн эмнэлэг, 25 ортой гэмтэл мэс заслын тасаг, нийт 252 ортойгоор жилдээ 11 мянга гаруй хүмүүст хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Гэвч зориулалтын бус, конторын байранд үйл ажиллагаа явуулдгийн улмаас иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ хязгаарлагдмал, шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтаах зай дутмаг учраас нэн хүнд өвчтөнүүдийг шилжүүлэхээс өөр аргагүйд хүрдэг талаар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг онцлов.

Өөрөөр хэлбэл, эмнэлгийн зориулалтын бус, салангид байрлалтай олон жижиг барилгатай тул эмнэлэг болгон ашиглахад өрөө тасалгааны талбай бага, хүрэлцээгүй, лаборатори, гэмтэл, мэс засал, шүд, дүрслэл оношлогоо, халдварт, сүрьеэ, сэтгэц зэрэг тодорхой орчин нөхцөл, стандартын шаардлага хангадаггүйгээс үйлчилгээний урсгалыг зохицуулах боломжгүй, иргэдэд болон эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэнд, үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг аж.

Иймд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцсэн дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга барихаар Чингэлтэй дүүрэг өөрийн төсвөөр буюу 6,8 тэрбум төгрөгөөр нийтдээ 2,8 га газрыг бүрэн чөлөөлж дуусгажээ.

Энэ талаар Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн мэргэжилтэн Жаяти Нигам хэлэхдээ “Чингэлтэй дүүрэг бидний хамгийн том санаа зовоосон асуудал болох газрын асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөнд бид маш их баяртай байна. Одоо бидний зүгээс барилгын зураг төслийг гаргаж, барилгын компанийн тендерийг зарлах болно. Ингээд 2024 он гэхэд барилгын ажил эхэлнэ” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.81.92) 2022 оны 09 сарын 22

Сүхбаатар дүүрэг оулсын жишиг байтугай хүний эрхийг хамгаалах хэмжээнд ч эмнэлэг байхгүй. газраар зулаад хэвтэж байна. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОВОО ГАЙГҮЙ ЭМНЭЛЭГТЭЙ БИЗ ДЭЭ. СҮХБААТАР ДҮҮРГИЙГ БОДВОЛ

0  |  0
Top