“Хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь”Ажил олгогч эздийн зөвлөгөөн 2022” зохион байгуулагдлаа.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран “Хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь” сэдэвт ажил олгогчдийн эздийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөний зорилго нь ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилт, хамрагдах боломжийг танилцуулж, бизнесийн удирдлагын шинэлэг арга туршлага, бодит амжилтын түүхээс хуваалцах, мэдлэг мэдээллүүдийг хуваалцах замаар хамтран ажиллах, түншлэлийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Иймдээ ч “халамжаас хөдөлмөрт” бодлого, арга хэмжээний үр дүн, ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулах туршлага, ажил олгогч аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд, түүний гарц шийдлийн талаар хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн байгууллагууд эрчимтэй ажиллаж байна. Үүний нэг нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил олгогчдод ирж буй татварын дарамт шахалтыг багасгах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад төрөөс бодлогын дэмжлэгийг үзүүлж байгаа юм.
Иймээс Чингэлтэй дүүрэг ажил олгогч аж ахуйн нэгжүүд, ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг үйл ажиллагааныхаа чиглэлд тусгахаар идэвхтэй ажиллах болно. Дүүргийн VII хороонд үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ-ийг дэмжих байр хангалтгүй байгаа учир 15 дугаар хороонд хуучин ашиглаж байсан байрыг ЖДҮ-ийг дэмжих төвийн 2-р байр болгож, үйлдвэр эрхлэгчдийг тэнд үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангахаар ажиллаж байгаа. Цаашлаад Чингэлтэй дүүрэг 2023 оныг "Үйлдвэрлэлийг дэмжих жил" болгоно” хэмээн онцоллоо.
Үүний дараа “Халамжаас - хөдөлмөрт бодлого, арга хэмжээний хэрэгжилт үр дүн”, “Ажиллах хүчний бүтээмж ба удирдлагын арга барил”, “Компанийн засаглал ба хүний нөөцийн тогтвортой байдал”, “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үр шим, бодит туршлага” зэрэг сэдвээр илтгэлүүд өрнөлөө.
Зөвлөгөөнд 230 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож, өөрсдөд тулгамдаж буй асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )