Чингэлтэй дүүргийн 1-3 дугаар хорооны иргэдэд үйлчлэх олон улсын стандарт бүхий жишиг эрүүл мэндийн төв өнөөдөр /2022.10.26/ ашиглалтад орлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Наранхүү, Мэнд цолмон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд оролцлоо.
Тус эмнэлэг ашиглалтад орсноор эмнэлгийн эмч, ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, дүүргийн 12 мянга гаруй иргэн тав тухтай орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авах боломж бүрдлээ.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “ЧД-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш доогуур үзүүлэлттэй байдаг. Үүнийг сайжруулахын тулд дүүргийн 10 дугаар хороонд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн цогцолбор барихаар дүүргийн төсвийн хөрөнгөөр газрыг нь чөлөөлсөн. Одоо тендер зарлагдаад барилгын ажил эхлэх л үлдсэн. Мөн 2015 онд Хайлаастад баригдаж эхлээд одоогоор гацчихсан байгаа амбулаторийн барилгыг дахин хөдөлгөж, ирэх жил ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Үүгээр ч зогсохгүй улсын төсвийн хөрөнгөөр эрт илрүүлгийн төв баригдаж байгаа гээд ирэх 3-4 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрчимтэй сайжирна” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )