Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарах тул уулархаг нутгаар орсон цас, мөс хайлж, шар усны үер болон уруйн үер буух нөхцөл бүрдээд байна.
Халиа урсах, цас мөс хайлж шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд хашааны гадна тал, ойр орчмын цас мөсөө цэвэрлэж зөөх, шуудуу ухах, шороон далан босгож шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Шар усны үер болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа.
Шар усны үерийн аюулаас хэрхэн сэргийлэх вэ?
- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
- Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
- Үерийн аюултай бүс нутгаас нүүх
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
- Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
- Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
- Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?
- Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
- Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
- Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
- Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
- Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
- Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
- Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх
Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:
- Ундны ус
- Илчлэг хоол хүнс
- Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
- Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис
- Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл /гар чийдэн, лаа, шүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт
- Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил
- Түлээ түлш
- Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг
- Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх
- Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий
Сэтгэгдэл ( 1 )
Тоохгүй байгаа айлуудад туслаж төсвийн мөнгө зарахаа больж үз