Голуудын ай сав дагуу шар усны үерийн эрсдэл ӨНДӨР байна

2024 оны 04 сарын 10

УОК болон ЦУОШГ-аас цаг агаар, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

УОК-оос “Зарим нутгаар өвлийн цас хайлж дуусаагүй, Увс аймаг хамгийн их цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгаар цасан бүрхүүлийн хэмжээ буурсан. Улсын хэмжээнд мал, амьтны сэг зэм устгалыг хийж байна. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж ажилласан. Шар усны үерээс сэргийлж, усыг соруулах, суваг шуудуу, далан татах ажлыг зохион байгуулж байна” гэх мэдээллийг өглөө.

Шар усны үерийн эрсдэл голуудын ай сав дагуу өндөр байгаа аж. Мөн УОК-оос ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулав. Дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар салхины хурд нэмэгдэхтэй холбоотойгоор ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэхийг анхаарууллаа. Өчигдрийн байдлаар Дорнод, Сүхбаатар аймагт ой, хээврийн түймрийн хоёр тохиолдол гарч, галыг унтраах ажлыг зохион байгуулжээ. Сүхбаатар аймагт өнөөдөр мөн хоёр түймрийн дуудлага ирж, Онцгой байдлын албан хаагчид дуудлага аван замдаа гарчээ.

Иргэдэд ой, хээрт зорчихдоо асаасан гал, тамхины галаа бүрэн унтраах, гэр сууц, хашаа хорооныхоо гадна түймрээс хамгаалсан зурвас татах, агнуур хийхдээ галт сум ашиглахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

ВИДЕО ҮЗЭХ: 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top