Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчлөхгүй

2019 оны 05 сарын 15

Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг гэх судалгаа бий. Тиймээс сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ хүний биеийн дархлаа, халдвараас шалтгаалан цаашид огт өвчлөхгүй гэсэн үг  биш.

Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь амьдралын туршид аль нэг хугацаанд сүрьеэгээр өвчилдөг. Харин өвчилсөн хүн бүр халдвартай байдаггүй бөгөөд үүнийг нь цэрний шинжилгээгээр тогтоодог байна. Хүний биеийн дархлаа халдварлагдсан сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэх чадвартай бөгөөд энэ нь өвчилдөггүй 90 хувьд багтана. Хэрэв дархлаа сулрах ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн үед сүрьеэ идэвхждэг буюу мөнөөх эрсдэлтэй 10 хувьд багтах юм.

Хүүхдэд сүрьеэгийн вакцин хийгддэг бөгөөд энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол эмнэлзүйн шинжээр нь “Далд сүрьеэ” гэж үзэх бөгөөд өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зааврын дагуу хийдэг байна. Ингэснээр өвчилж болох эрсдэлтэй 10 хувьд багтахаас хамгаална гэсэн үг юм.

Иргэдийн хувьд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, ойр дотны хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн бол 0-15 насны хүүхдүүд арьсны сорилд /туберкулины/, 15-аас дээш насныхан цээжний рентген зураг, цэрний шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top