Эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, шинжилгээ хийж байна

2019 оны 09 сарын 14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 14, 15-нд “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд “Цэвэр агаартай өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож буй бөгөөд гэр болон байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Мөн төрийн байгууллагуудын зүгээс Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон ажлуудаа танилцуулж, иргэдэд мэдээлэл хүргэж байгаа юм.

Түүнчлэн “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд идэвхи санаачлагатай оролцож байгаа юм. Тухайлбал, өнөөдөр НЭМГ-ын харьяа нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд өдөрлөгт оролцож буй иргэдэд мэдрэл, чих хамар хоолой, зүрх судас, цусны сахар үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг үзлэг, шинжилгээг хийж байна.

Мөн зөв хооллолт, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжөөс гадна гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын нөлөөллөөс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Өдөрлөгийн хоёр дахь өдөр буюу “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-өөр нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд үзлэг, шинжилгээ хийх юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Munguntse(66.181.161.57) 2019 оны 09 сарын 15

Sain bnu hedes heden tsag hvrtel ajilaj we

1  |  0
Top