БНСУ-ын Чүнчон мужийн Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын газартай хамтарна

2019 оны 09 сарын 25

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга Шин Кансоб нар өнөөдөр /2019.09.25/ нийслэлийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн салбарын харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэндийн бодлогын тасгийн багийн ахлагч Пак Хан Сог, Чон Бүг их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн орлогч дарга Гүон Жихён, Хана эмнэлгийн удирдлагын хэлтсийн дарга Сон Тэжан, Чонжү эрүүл мэндийн төвийн удирдлагын хэлтсийн дарга И Бёнги болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд НЭМГ болон БНСУ-ын хойд Чүнчон мужийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газраас эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, дадлага сургалт зэргийг зохион байгуулах бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ харилцан сургалтад хамруулж туршлага солилцох,  БНСУ-ын хойд Чүнчон мужийн эмнэлгүүдэд оношилгоо, эмчилгээ хийхээр зорьж очсон нийслэлийн иргэдэд тодорхой хэмжээгээр үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.

БНСУ-н улсын болон хувийн хэвшлийн тэргүүлэх зэрэглэлийн эмнэлгүүдийн албан ёсны төлөөлөгчийн газар болох “PSW” ХХК нь Монгол Улсын хамтын ажиллагааны хүрээнд олон удаагийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлагадаа тулгуурлан цаашид улсын болон томоохон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарыг мэргэшил дээшлүүлэх сургалт дадлагад хамрагдах, эрүүл мэндийн чиглэлээр бусад улс орныг тэргүүлж буй БНСУ-н төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, анагаахын сургуулиудтай хамтран ажиллах  нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа нийлүүлэлт, ашиглалтын талаарх сургалт зөвлөгөө болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, эрүүл мэндийн салбарт оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалтыг тогтмол хийдэг байна. 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top