Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй КАННАМ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Монгол Улсад эмчлэх боломжгүй, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай 33 төрлийн өвчнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан. Эдгээр өвчний дийлэнхийг нь Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын эмнэлгүүд эмчилдэг бөгөөд энэ чиглэлээрээ дэлхийд тэргүүлэгч болтлоо хөгжиж чаджээ. Ялангуяа Сөүлийн шилдэг дүүрэг Каннамд тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээгээрээ тэргүүлэгч томоохон эмнэлгүүд төвлөрдөг бөгөөд тус дүүрэгт эмчилгээний аялал жуулчлалын урсгал жилээс жилд нэмэгдэх болжээ. Иймд Солонгостоо эмчилгээний аялал жуулчлалаар тэргүүлэгч Каннам дүүргийн шилдэг эмнэлгүүдтэй танилцсан сурвалжилгаа хүргэе.


КАННАМ ДҮҮРЭГ МОНГОЛ УЛСТАЙ ХАМТРАХЫГ ХҮСЧ БАЙНА

Сөүл хот 25 дүүрэгтэй бөгөөд Каннам дүүрэг эдийн засаг, соёл, аялал жуулчлалаар тогтмол эхний гуравт эрэмбэлэгддэг. Тус дүүрэг дэлхийд шилдэгт тооцогддог 52 эмнэлэгтэй, өнгөрөгч онд гадаадын 95237 өвчтөнийг эмчилгээний аялал жуулчлалаар хүлээн авчээ. Иймээс ч Каннам дүүргийн зүгээс эмчилгээний аялал жуулчлалыг түлхүү анхаарч жил бүрийн аравдугаар сарын эхээр болдог “Каннам фестиваль”-даа эрүүл мэндийн аялал жуулчлалын төрлийг шинээр нэмсэн байна. Уг фестиваль нь Каннам дүүргийн нэрийн хуудас төдийгүй салбар бүрийн шилдгүүд үйлчилгээгээ танилцуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 5-ны өдрүүдэд болсон “Каннам фестиваль-2019”-д Каннам дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгдүгээр зэрэглэлийн эмнэлгүүд оролцсон юм.

Каннам дүүргийн зүгээс эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад онцгой анхаарах болсон байна. Уг бодлогын хүрээнд Каннам дүүргийн аялал жуулчлалын “Медикал тур” соёл урлагийн төвөөс Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч “Ибүүкерс Koрea” компаниар дамжуулан Монголын эрүүл мэндийн салбарын төлөөллийг урьж, фестивалиа танилцуулсан юм. “Каннам фестиваль-2019”-ийг зорьсон Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвжав, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн амбулаторийн тасгийн эрхлэгч Ц.Цэвэгмэд, “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгчтэй харилцах менежер Д.Оюунчимэг, “Баясгалантай дэлхий” эмнэлгийн захирал Ш.Оюунгэрэл, “Омбол” эмнэлгийн захирал Б.Мөнхдэлгэр, эрүүл мэндийн аялал жуулчлалын “Чаён Тур” компанийн захирал Б.Байгаль нарын хүмүүс багтсан. Монголын төлөөлөгчид Каннам дүүрэгт байрлах дээд зэрэглэлийн эмнэлгүүд болох “Самсунг”, “Медирекс”, “Чондам Уракил”, “Каннам Ча”, “Часэнг”, Сөүл их сургуулийн эмнэлгийн Каннам дүүрэг дэх салбар зэрэг хавдар, үе мөч, оношилгоо, эмчилгээ, арьс гоо сайхан, ардын уламжлалт зэрэг Солонгост төдийгүй дэлхийд тэргүүлэгч шилдэг эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. 570 мянган хүнтэй Каннам дүүргийн Засаг дарга Чон Сүн Гюн хэлэхдээ “Манай дүүргийн эмнэлгүүд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанартай үйлчилгээ үзүүлдэг. Энэ утгаараа өндөр орлоготой хүмүүст үйлчлэхэд анхаарч ирсэн. Цаашид дундаж орлоготой иргэд өөрт тохирсон үйлчилгээгээ авах боломж олгоход анхаарах болно. Эмчилгээний аялал жуулчлалаар Монгол оронтой харилцаагаа хөгжүүлэх ажлын эхлэлийг тавьсандаа баяртай байна” хэмээсэн.

Дашрамд дурдахад, Солонгос улс руу эмчилгээний аялал жуулчлалаар очих сонирхолтой иргэд Солонгосын “Ибүүкерс Koрea”, Монголын “Чаен Тур” компаниудаар дамжуулан Солонгосын эмнэлгүүдтэй холбоо тогтоож, богино хугацаанд визээ шийдүүлэх боломжтой юм билээ. Та Каннам дүүргийн аль ч эмнэлгээр үйлчлүүлсэн монгол орчуулагч хариуцан бүх мэдээллээр хангаж, тусгай өрөөнд асран хамгаалагчийнхаа хамтаар хэвтэн эмчлүүлэх боломжтой.

* * *

ШИЛДГҮҮДИЙН ШИЛДЭГ НЬ “САМСУНГ”

“Самсунг” эмнэлэг нь1994 онд байгуу­лагдсан цагаасаа үзлэг эмчилгээ, судалгаа, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр эрүүл мэндийн хөгжил дэвшлийг тодорхойлж ирсэн БНСУ-ын нэр бүхий эмнэлэг юм. Харин Каннам дүүргийн “Самсунг” эмнэлэг 2008 онд дэлхийд анх удаа хавдрын өвчлөлөөр дагнан байгуулагджээ. Хавдрын бүх төрлийн эмчилгээ, оношилгооны үйлчилгээ үзүүлдэг энэ эмнэлэг хүүхдийн болон тархи, мэдрэлийн хорт хавдрын эмчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэ утгаараа Монголоос хорт хавдрын эмчилгээ хийлгэх олны хөл тасардаггүй байна. “Самсунг” эмнэлгийн амбулаториор өдөр тутамд 9200 хүн үйлчлүүдэг бол 1800 өвчтөн хэвтэн эмчлүүлэх багтаамжтай. Өдөрт хавдрын 200 хагалгаа хийдэг гэхээр ямар том эмнэлэг болох нь харагдана. Өнгөрсөн онд тус эмнэлгээр 18 мянган гадаадын иргэн үйлчлүүлснээс 5 хувь нь монголчууд байжээ. Байгуулагдсан цагаасаа дэлхийн шилдэг эмнэлгээр нэрлэгдсэн “Самсунг”-аар алдартнууд үйлчлүүлэх дуртай. Тиймээс ч тус эмнэлэг гадаад хэлээр ярих чадвартай мэргэжлийн ажилтнуудаараа дамжүүлан гадаад өвчтөнд хамгийн оновчтой үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлжээ. Энд ажилладаг монгол орчуулагч гэхэд эмчилгээний бүхий л төрлийн орчуулга хийгээд зогсохгүй эмчилгээ хоорондын аялалд ч орчуулагчаар үйлчилдэг байна.

* * *

МОНГОЛЧУУД ХАМГИЙН ИХЭЭР ЗОРЬДОГ “МЕДИРЕКС”

Үе мөч, нуруу, нугасны хагалгааны бус эмчилгээгээрээ алдартай “Медирекс” эмнэлгээр үйлчлүүлдэг гадаад иргэдийн 47 хувийг монголчууд эзэлдэг. Энэ эмнэлэг үүдэл эсийн буюу хагалгааны бус эмчилгээ, нөхөн сэргээлтийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Биднийг “Медирекс” эмнэлэгтэй танилцахаар очихын өмнөхөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ эмчилгээ хийлгээд эх орондоо буцсан байсан. Эрхэм гишүүн Монголын шигшээ багийн тамирчдын гэмтлийг эмчлэхэд хамтарч ажиллах чиглэлээр ярилцсан тухай “Медирекс” эмнэлгийнхэн дуулгасан юм. Энд Солонгостоо анх удаа үүдэл эсийн эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд дэлхийд хамгийн олон төрлийн үүдэл эсийн эмчилгээ хийдэг аж. Өөрөөр хэлбэл, үүдэл эсийг өвдгөнд тарилаа гэхэд амьд эснүүд нь өвдөгний яс, мөгөөрс болох зэргээр нөхөн сэргээдэг байна. Мөн нуруунаас нь эсийг нь аваад өвчтэй үе мөчинд тарьдаг эмчилгээ ч бий. Үүдэл эсийн тарилгыг хоёр долоо хоногт нэг удаа хийдэг бөгөөд үе мөчний элэгдлийн хэмжээ бага бол гурван удаа хийлгэхэд эрүүлждэг байна.  

“Медирекс” эмнэлгийнхэн өнгөрсөн жилээс эхлэн Монгол руу анхаарлаа хандуулж үнэгүй сайн дурын эмчилгээнүүд хийж эхэлжээ. Амьдралын боломж тааруу ч заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай Б.Оюунд эмчилгээ хийж, хоёр хөл дээр нь босгосон тухай нэвтрүүлэг олон нийтийн тв-ээр гарч байв. Дараагийн ээлжийн эмч нар ирэх арваннэгдүгээр сар гэхэд Монголд ажиллах төлөвлөгөө гарчээ. “Медирекс” эмнэлгийн захирал, доктор, профессор Ян Хёг Же хэлэхдээ “Монголчууд яс сайтай. Гэхдээ хүнд зүйл өргөж үе мөчөө гэмтээх улмаар тэвчиж явсаар өвчнөө хүндрүүлснийхээ дараа эмнэлэгт ханддаг” гэсэн юм. Үндсэндээ “Медирекс” эмнэлэгтэй харилцахад танд багц үнэ хэлэх болно. Энэ зардалд онгоцны буудлаас тосох, буцаж хүргэж өгөх, эмчилгээний өмнөх цогц шинжилгээ, хагалгааны дараах нарийвчилсан оношилгоо, хэвтэн эмчлүүлэх өрөөний зардал гээд бүгд багтдаг байна. Монголоос зураг, өвчний шинж чанараа явуулахад хангалттай юм байна.

* * *

ГОО САЙХНЫ “ЧОНДАМ УРАКИЛ” ЭМНЭЛЭГ МОНГОЛ ТҮНШ ХАЙЖ БАЙНА

Дэлхий дахинаа 80 гаруй салбартай “Чондам Уракил” гоо сайхны эмнэлэг арьс заслаар Солонгостоо шилдгээр нэрлэгддэг. Хятад, Энэтхэг, Вьетнам, Филиппин, Хонконг, Малайзад салбартай энэ эмнэлэг Орос, Монголд салбараа нээхийг хүсч байгаа гэнэ. “Чондам Уракил” эмнэлэг 2020 онд 120 салбартай болох төлөвлөгөөтэй бөгөөд салбар нээх туршлага ихтэй тул сонирхсон эмнэлгүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэлээ. Энэ эмнэлэгт гоо сайхны чиглэлийн бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээ хийгддэг. Таргалалтын эсрэг, үс уналтын эсрэг тасгуудтай. Мөн хагалгааны бус аргаар тураах төхөөрөмжүүд, дасгал хийгээд ч турдаггүй газруудын өөхийг хайлуулах төрөл бүрийн багажтай. Уг эмнэлгийн эмч нарын багийн судалгаагаар гаргасан гоо сайхны шилдэг бүтээгдэхүүнүүд Солонгостоо алдартай. 

“Чондам Уракил” гоо сайхны эмнэлгээр өдөрт 200 хүн үйлчлүүлдэг бөгөөд ихэвчлэн алдартай “од”-уудыг хүлээн авдаг. Харин Монголоос сар тутамд 50 хүн арьс арчилгаа, лазер эмчилгээ, арьс татуулах эмчилгээ хийлгэдэг байна. Тус эмнэлгийн ерөнхий менежер С.Сугармаа монголчуудын арьсны онцлогийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Би “Чондам Уракил” эмнэлэгт ажиллаад гурван жил болж байна. Монголчууд хуурай, эмзэг арьстай. Тиймээс ихэнх нь сэвхтэй байдаг. Дээрээс нь хацрын улаантай. Хуурайшилтаас шалтгаалаад арьсны унжилт ихтэй. Тиймээс монголчуудын арьс эмчилгээ их шаарддаг. Монголчуудын хувьд батгажилтын сорви, сэвхний эмчилгээ зэрэг арьс арчилгааны эмчилгээ их хийлгэдэг. Ер нь арьсны бүх төрлийн эмчилгээ хийлгэвэл багадаа нэг жил болно. Гурван жил ч үргэлжлэх нь бий. Гоо сайхны мэс засал хийлгэхгүй явна гэдэг нь үргэлж анхаарал шаарддаг. Арьсаа арчлах гол алхам нь нарнаас үргэлж хамгаалах явдал. Чийгшүүлэгч тос байнга түрхэж байгаарай. Арьс хуурай байна гэдэг нь арьс хурдан хөгширнө гэсэн үг. Арьсны бүх асуудал нарнаас хамгаалаагүйгээс болж үүсдэг” хэмээн зөвлөсөн юм.

* * *

СОЛОНГОСТ ТӨРӨХ ЭХЧҮҮД “КАННАМ ЧА”-Г СОНГОДОГ

Эх барих, эмэгтэйчүүд, үргүйдэл, нөхөн үржихүй, нярайн эрчимт эмчилгээний чиглэлээр эмнэлгийн глобал үйлчилгээг тэргүүлэгч байгууллага бол “Каннам Ча” эмнэлэг. 1960 онд эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн “Каннам Ча” эмнэлэг 400 гаруй ортой. “Ча” эмнэлгийг хүн төрөлхтний төлөөх эмнэлэг гэгддэг. Учир нь Солонгост анх удаа эмнэлгийн сүлжээг экспортлогч эмнэлэг болжээ. Мэргэшсэн эмнэлгийн эрин үеийг эхлүүлсэн тус эмнэлэг анагаахын шилдэг туршлагыг нэвтрүүлж дэлхийн тэргүүлэх үргүйдлийн эмчилгээний эмнэлэг болох зорилтдоо хүрсэн байна. Энэ эмнэлэгт эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эмгэг судлал, үр суулгах эмчилгээ болон хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шилдэг эмч, эмнэлгийн нарийн мэргэжлийн доктор, профессорууд өвчтөнд үзлэг, эмчилгээ хийдэг.

Тиймээс ч эмэгтэйчүүдийн эмнэлгийн гол бэлгэдэл болсон “Каннам Ча” эмнэлэг нь Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын гол төв болжээ. “Ча” эмнэлгээр үйлчлүүлэгч гадаад иргэдийн 10-15 хувь нь монголчууд байдаг. Сүүлийн үед Солонгост хүүхдээ төрүүлэхийг хүссэн эхчүүд энэ эмнэлгийг сонгох болсон байна. Эхчүүд төрснийхөө дараа тус эмнэлэгт хоёр долоо хоног амардаг.

Сонирхуулахад, Каннам дүүргийн эмнэлгүүд нэгдүгээр зэргийн эмнэлэг гэдэг утгаараа өртөг өндөртэй. Хэрэв та "Каннам Ча" эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх тохиолдолд 8-9 сая вон төлнө.

* * *

ҮЗЛЭГ, ОНОШИЛГООГООРОО ГАЙХАГДДАГ “СӨҮЛ” ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ

“Сөүл” их сургуулийн эмнэлгийн Каннам дүүрэг дэх салбар нь эрүүл мэндийн үзлэг, оношилгоогоороо хэдийн өрсөлдөгчгүй болжээ. Дээд зэргийн үйлчилгээтэй тус эмнэлгийн үйлчилгээ ч өндөр. Тэр утгаараа хөрөнгө чинээтэй хүмүүст үйлчилдэг гэж шүүмжлүүлэх нь бий. Гэхдээ эмнэлгийн үзэл, оношилгооны чанар дэлхийг гайхшруулдаг байна. “Сөүл” их сургуулийн эмнэлгийн үзлэг, оношилгоо нь Сөүл дэх хоёрдугаар шатлалын эмнэлгээс хоёр дахин үнэтэй. Тухайлбал, ерөнхий шинжилгээг эрэгтэй хүн 960 ам.доллараар өгөх бол эмэгтэй хүн 1000 ам.доллар зарцуулна. Харин та үдээс хойш ирж шинжилгээ өгвөл 70-80 ам.долларын хөнгөлөлт эдэлнэ. Ерөнхий шинжилгээнд эрэгтэй хүн биеийн тандах үзлэг, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа, бамбай булчирхай, цагаан хорхой, нуугдмал хэлбэртэй цус, түрүү булчирхайн хавдар зэрэг 30 гаруй шинжилгээнд хамрагдан боломжтой. Эмэгтэйчүүдийн хувьд дээрх дээр нэмэгдээд өнгөвчний хорт хаврын шинжилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг, умайн хүзүүний эсийн шинжилгээ, хөхний рентген зэрэг багтдаг байна. Ерөнхий шинжилгээнээс гадна эмэгтэйчүүд, тархи, зүрх, ходоод, амьсгалын эрхтний болон хорт хавдрын зэрэг нарийн мэргэжлийн шинжилгээг 1860-3000 ам.доллараар, бэлгийн гармон, түрүү булчирхайн MRI, өнгөвчний хорт хавдрын шинжилгээ, зүрхний титэм судасны 3D СТ, ясны сийрэгжилт, папиллома вирусын зэрэг INT premium шинжилгээг 5900 ам.доллараар өгнө. Харин өвчин тус бүрийн тусгай болон нэмэлт шинжилгээг 103-1958 ам.доллараар хийлгэх боломжтой. Эмнэлгийн зүгээс гадаад иргэдэд тусгайлан анхаардаг байна. Та хэдэн ч шинжилгээ өгсөн хагас өдөрт амжина. Нарийн шинжилгээний хариу долоо хоногт гардаг бол гадаад иргэдэд гурав хоногийн дотор хариуг нь өгдөг байна. Мөн хариуг заавал биечлэн авах шаардлагагүй. Монголчуудын хувьд зүрх судалсны шинжилгээг хамгийн их хийлгэдэг гэсэн судалгаа гарчээ.

* * *

УУЦ НУРУУ, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНӨӨР ЗӨВХӨН “ЧАСЭНГ”-Т ХАНДДАГ

Ууц нуруу, үе мөчний өвчнийг голомтоос нь мэс заслын бус аргаар эмчилдэг “Часэнг” уламжлалт эмнэлэг Азид төдийгүй Америк, Европ тивүүдэд алдартай болжээ. Эмчилгээний үр дүнд 10 жилийн дараа ч өөрчлөлт орохгүй гэдгийг тус эмнэлгийнхэн бардам хэлж байв.

Улс орон болгоны уламжлалт анагаах ухаан тухайн улсын иргэддээ үр өгөөжтэй ч шинжлэх ухаанд суурилсан уламжлалт эмнэлэг дэлхийд ховор. Тиймээс “Часэнг” эмнэлэг дэлхийд гайхагддаг аж. 600 орчим их эмч, 2600 ажилтантай, жилд дунджаар 150 мянган өвчтөнд үзлэг хийдэг энэ эмнэлгийн сод бүтээл “Шинбару” тантай монголчууд хэдийнэ танилцсан байдаг. Үе мөчний өвдөлтийг үүсгэдэг үрэвслийг арилган өвчилсөн яс болон диск, булчин шөрмөс, эргэн тойрны эд эсийг эрүүл байдалд эргүүлэн авчрах үр дүн гаргууд тан юм. Мэдрэл болон зөөлөн эдийн төлжилтөд онц сайн. Байгалийн цэвэр гаралтай эмчилгээний гол бүтээгдэхүүн. 

Нийт үйлчлүүлэгчдийн 95 хувийг эмчилсэн гэх статистиктай “Часэнг” эмнэлгийг дэлхийн өнцөг булан бүрээс өвчтөнүүд зорих болжээ. Гадаад өвчтөнүүдийн 32 хувийг монголчууд эзэлдэг байна. Уг эмнэлэг өнгөрсөн хугацаанд монголчуудыг эмнэлэгтээ авчирч үйлчилгээ үзүүлэхийг зорьдог байсан бол цаашдаа Монголд ирж ажиллахыг чухалчлах болжээ. Тиймээс ч Монголын хоёр, гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн төдийгүй “Баясгалантай дэлхий” эмнэлэгтэй хамтын ажиллагаа байгуулахаар ирэх арваннэгдүгээр сард Монгол Улсад ирж ажиллахаар бэлтгэж байгаа юм билээ.


Хэрэв та Солонгос улсад эрүүл мэндийн аялал жуулчлалаар зорчиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахыг хүсвэл

"Ибүүкерс Кориа" компани:

            Веб сайт: www.ebookers.kr, www.ebookers.co.kr

            Утас: 010-5610-0889

"Чаён Тур" компани:

            И мэйл: chayontour976@gmail.com

            Утас: +976-99230066

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top