“Эрүүл иргэн” аян Баянгол дүүрэгт амжилттай хэрэгжиж байна

2019 оны 10 сарын 12

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн дагуу энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэлийн 142 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж байна.

Аяны хүрээнд иргэдийг дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулж буй юм.

Мөн ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Тэгвэл уг аяны явцтай танилцахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажлын хэсэг өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаж, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо. Тус дүүргийн хувьд 4 дүгээр хорооны “Угтахуй”, 5 дугаар хорооны “Дэшиг Дун”, 6 дугаар хорооны “Мөнх Үжин” ӨЭМТ-д дотор, зүрх судас, мэдрэл, чих хамар хоолой, доторын ЭХО, эмэгтэйчүүд, сүрьеэ болон элэгний В,С вирусын эрт илрүүлэг, тэмбүүгийн илрүүлэг үзлэгт иргэдийг хамруулж байгаа аж.

“Эрүүл иргэн” аяны хүрээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдаж буй иргэдийн хувьд дүүргийн эрүүл мэндийн төв, лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлэх гэж цаг заваа алдалгүй, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой болсондоо тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлж эмчилгээнд хамрагдах, амьдралын зөв дадал хэвшилтэй болох, яаралтай үед үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл авч байна.

Тус дүүрэгт маргааш 1 дүгээр хорооны “Учрахуй”, 2 дугаар хорооны “Илаарших”, 3 дугаар хорооны “Ангирмаа” ӨЭМТ-д төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог үргэлжлүүлэн зохион байгуулна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top