ТV8: Томуугийн тархалт нэмэгдсэн ч шалан дээр хүүхэд эмчлээгүй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Манай улсын хувьд томуугаар өвчлөгсдийн 80 гаруй хувийг хүүхдүүд эзэлдэг. 2019-2020 онд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1033 ор ашиглахаар төлөвлөсөн бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1001 ороор нэмэгдүүлэхээр төлөвлөлт хийсэн байна. Тэгвэл ойрын өдрүүдэд томуугийн дэгдэлт ихсэж  дүүргийн эмнэлгүүд ачаалал ихтэй байгаа талаар эцэг эхчүүдээс бидэнд мэдээлэл ирүүлсэн юм.

ЭХЭМҮТ-д өнөөдрийн байдлаар 450 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба шинэ жил ойртож, олон нийтийн арга хэмжээ их зохиогдож байгаатай холбоотой томуугийн тархалт нэмэгдэх хандлагатай байгааг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн тасгийн, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалан анхааруулж байлаа. Тэрбээр хэрэв таны хүүхдэд 41 градус хүртэл өндөр халуурах, гэдсээр нь өвдөх, огих, зогсолтгүй ханиах, олон цагаар унтах шинж тэмдэг илэрч байгаа бол хугацаа алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөсөн юм. Мөн томуугаар өвчилсөн тохиолдолд хүүхдээ цэцэрлэг, сургуульд явуулахаас татгалзах хэрэгтэй гэлээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ:

Манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийг сонгож хүүхдийн тасгийн ачаалал ямар байгаатай танилцсан юм. Чингэлтэй дүүргийн хувьд ачаалал өндөр байгаа тул дотрын болон мэдрэлийн тасгаа хүүхдийн тасаг болгон ажиллуулж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байгааг дүүргийн эмнэлгийн ачаалал нэмэгдсэнээс харж болохоор байсан ба эмнэлгүүд хүүхдийн тасгийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, эмч нар илүү цагаар ажиллаж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top