Есөн аймагт томуу өвчний дэгдэлт 15.6-26.6 хувьд хүрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчний халдвар өндөр байна. Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймагт томуу өвчний дэгдэлтийн түвшин 15.6-26.6 хувьтай байгаа ажээ. Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 13 хүртэл түр зогсоогоод байгаа юм. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаалд тусгаснаар нийт өвчлөгсдийн 15-аас дээш хувь нь томуу өвчнөөр өвчилсөн бол хөдөлгөөнийг хязгаарлахаар заажээ. Аймгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох эрх нь тухайн аймгийн Засаг даргад хамаардаг. Гэхдээ дээрх дөрвөн аймгаас бусдад нь цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Сэлэнгэ аймгийн хувьд Онцгой комиссын гишүүдийн саналаар цэцэрлэгийн үйл ажиллагааг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг дуустал зогсоожээ. Дээрх хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд олон нийтийн арга хэмжээ, секц дугуйлан хичээллүүлэхгүй байхад хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон юм. Мөн албан байгууллагын дарга эрхлэгч нарт өвчтэй хүүхдээ асарч хамгаалах боломжийг олгож, ажилтан албан хаагчдадаа чөлөө зөвшөөрөл олгож, зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгосон. Харин Өмнөговь аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу өвчний эзлэх хувь 18 хүрсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комисс ээлжит хурлаа хийж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн Онцгой комиссоос томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр эмчлүүлж буй эцэг эхэд таван өдрийн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгаад байна.

Өвөрхангай аймгийн хувьд аймгийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн А/02 дугаар захирамжаар энэ сарын 3-наас эхлүүлэн 12-ны өдрийг дуустал сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ. Учир нь аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгээс томуу, томуу төст өвчний эзлэх хувь 18.6 хувьд хүрч, 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл, хүндрэл ихтэй байгаа ажээ.

Дундговь аймгийн томуу өвчний харуулдан тандалтын мэдээгээр томуу, томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт 18.9 хувийг, дуудлагын нийт үзлэгт 43 хувийг тус тус эзэлж буй ажээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Ундармаа “Томуу, томуу төст өвчлөл аймгийн төвд тогтвортой байгаа хэдий ч хөдөө сумдад ихэссэн байгаа тул сумдын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд томуу өвчний хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах чиглэлийг хүргүүлсэн. Томууны өвчлөлийн цаг үеийн байдалтай холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга холбогдох мэргэжилтнүүдийн хамт Сайнцагаан сум, Боржигон - Мандал, Өлзийт - Мандал өрхийн эрүүл мэндийн төвүүд болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, анхаарах асуудлуудад ажлын чиглэл зөвлөмжийг өгч ажиллаж байна. Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Боржигон-Мандал, Өлзийт-Мандал өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-18:00 цаг хүртэл ажиллаж байна” гэлээ.

Харин Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт ажээ. Харин улсын хэмжээнд томуу өвчний амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их дэгдэлтийн түвшинд хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top