"Эрүүл иргэн" аян эхэллээ

2020 оны 01 сарын 23

Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин  зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд зонхилон тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна.

НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хамтарсан багаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл эзэлж байгааг тогтоожээ.  

Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийн үр дүнд халдварт өвчний тоо 2016 оноос хойш тогтмол буурч байгаа хэдий ч зарим халдварт өвчний тухайд ихсэх хандлагатай байсаар байна.

Тиймээс Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол улсын ТХЗ-2030, Халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрүүд, МУЗГ болон НЗД-ийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан сайжруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлгийг тогтмол хийснээр сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулан монгол хүний дундаж наслалтыг уртасгах үндсэн зорилтын хүрээнд ЭМЯ, НЗДТГ, НЭМГ-аас олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүний нэг нь иргэдийг эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт оношлон эмчлэн эрүүлжүүлэх зорилго бүхий Эрүүл иргэн аян юм. НЗДТГ, НЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй Эрүүл иргэн аян 3 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа ба энэ ажлын хүрээнд нийслэл хотын хороо, өрхийн эрүүл мэндийн төв бүрт нарийн мэргэжлийн 7-8 чиглэлийн эмч мэргэжилтэн очиж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж зөвлөгөө өгдөг нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн,  тусламж үйлчилгээг ойртуулсан үйл ажиллагаа болдгоос гадна  өрхийн эмч, мэргэжилтэнг ажлын байран дээр мэргэжлийн чиглэлээр сургах сургалтууд давхар явагддаг нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн ажил болсон.

“Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэх бөгөөд 5 сар хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн Эрүүл иргэн аянд ЭМЯ-ы харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд дүүргийн эмч нартай хамтран үзлэг, оношилгоо хийх болсноороо онцлог юмаа.

  Эрүүл иргэн аян-2020 үйл ажиллагааны хүрээнд хүн амын дунд өвчлөл өндөр байгаа зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг хийгдэхээс гадна улсын хэмжээнд явагдаж байгаа Тэмбүүг устгая арга хэмжээ, Сүрьеэгийн халдварыг бууруулах, Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй багажийн болон лабораторийн оношилгоонууд хийгдэнэ.

Энэ үйл ажиллагаанд зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус Төрийн болон ТББ, иргэдийн оролцоо дэмжлэг маш чухал юм.

Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлснээр сэргийлж болох өвчлөл,  эндэгдлийг бууруулах бүрэн боломжтой тул дүүрэг болон хороодын ЗДТГ-ын зүгээс харьяаллын хүн амаа энэ үзлэгт бүрэн хамруулах талаар идэвх санаачилга гарган зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top