Хойд Солонгос коронавирусийг ингэж ЯЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Хойд Солонгос бол хаалттай орон тул тус орны тухай бодит мэдээлэл тун ховор. Ямар ч гэсэн энэхүү ховор мэдээллүүдээс нь харахад БНАСАУ коронавирусний  халдвар гараагүй цөөхөн хэдэн орны нэг байна. Өмнөд Солонгос, Японы шар хэвлэлүүд олон мянган хүн өвдсөн гэх зэргээр бичиж байгаа ч тэд саяхан Ким Жон Уныг нас барсан гэж бичиж байсан учир тэдэнд итгэхэд хэцүү.

БНАСАУ-ын удирдлага, ДЭМБ-ын төлөөлөгч, гадаадын дипломат ажилтнууд Хойд Солонгост  коронавирусний халдвар гараагүйг баталж байгаа. Хэрэв үнэхээр тийм бол Хойд Солонгосын аюулт вирустэй хийсэн тэмцлийн туршлагаас суралцах нь зүйтэй.
 

Улс төрийн тэмцэл

Хойд Солонгос вирустэй хийх тэмцлээ улс орны хувь заяаг шийдвэрлэх улс төрийн асуудал гэж нэрлэсэн юм. Хоёрдугаар сарын 29-нд Ким Жон Ун Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны хурал дээр “Энэ халдварт вирус манай улсад нэвтэрвэл маш их хохирол учруулна” гэж мэдэгдсэн. Ингээд Цар тахлын эсрэг хороо гэж байгуулан, тосгон сууринд ч салбаруудыг нь ажиллууллаа. Тэр хороонд онцгой эрх олгож, ямар ч дарга байсан тушаалыг нь дагах ёстойг Ким анхааруулсан.

Дөрөвдүгээр сарын 11-нд Залуу удирдагч ард түмний аж амьдралыг цар тахлаас хамгаалахын тулд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж тэмдэглээд “Дэлхий дахинд халдварыг богино хугацаанд зогсоож чадахгүй нь харагдлаа. Тийм учраас хилээ урт хугацаагаар хаах нь” гэдгийг анхааруулсан байна.

Хойд Солонгосын хөл хорио гэж юу вэ

БНАСАУ-ын Засгийн газар нэгдүгээр сарын 22-ноос гадаадын жуулчдыг хүлээн авахгүй болсноо зарлаж, 28-наас нь Онцгой хөл хорио зарласан. Хоёрдугаар сарын 13-нд агаар, төмөр замаа хааснаар Хойд Солонгос бүрэн тусгаарлагдсан юм. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гол ашиг оруулдаг хил хоорондын худалдааг ч зогсоосон байна. 2003 онд SARS, 2014 онд Эбола, 2015 онд MERS халдварын үед мөн ийм арга хэмжээ авч байлаа. Эболагийн үеийн онцгой дэглэм хагас жил үргэлжилж, гадаадаас ирсэн бүх хүнийг 21 хоногийн тусгаарлалтад оруулж байсан билээ. Гадаадын улс оронд төрийн айлчлал хийсэн томчуудаа ч тусгаарлаж байлаа.

Хилээ хааснаас гадна гадаадын элчин сайд, дипломат ажилтнуудтай арга хэмжээ зохиох, уулзалт хийхийг хориглолоо. Олон улсын байгууллагын төлөөлөгч, ажилтнуудыг эмнэлгийн хяналтад оруулж, гадаадын дипломатуудыг ЭСЯ-наас гарахыг хоригложээ. Бараг л гэрийн хорио гэсэн үг.

Хоёрдугаар сарын 25-нд цэцэрлэгт хүрээлэн, мөсөн талбай, рашаан, амралтын газруудыг түр хугацаагаар хаалаа. Иргэдийг гадуур хооллохгүй байхыг анхааруулж, эрсдэлийн бүст хамаарах хүмүүсийн карантинд байх хугацааг 15-аас 30 хоног болгон сунгажээ. Хичээл сургуулийг онлайн хэлбэрт шилжүүлж, дөрөвдүгээр сарын 15-ны Нарны баярыг ч тун даруухан тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Нийт 10 мянган хүнийг тусгаарлалт, ажиглалтад хамруулснаас өнгөрсөн сард 500 хүн л тусгаарлалтад үлдээд байлаа.

Дөрөвдүгээр сард Онц байдлыг цуцалж, ахлах ангийн сурагч, их дээд сургуулийн оюутнууд хичээлдээ орж, цэцэрлэгт хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Гэхдээ бүх хүний халууныг хэмжиж, маск зүүхийг үүрэг болгосон. Дөрөвдүгээр сарын 2-ноос гадаадын иргэд, дипломат ажилтнуудыг дэлгүүр, ресторан, зах орохыг зөвшөөрчээ. Гэхдээ тэднийг олон хүнтэй газар очиж, нийтийн унаанд суухыг хориглосон байна.

Ийм арга хэмжээнүүд авсны дүнд тус улсад нэг ч халдварын тохиолдол бүртгэгдсэнгүй. ДНМБ-ын төлөөлөгч Тарик Язаревич ч энэ мэдээллийг баталсан юм.

Орон нутагт

Хөл хорионоос гадна засгийн газраас эмч бэлтгэх, эм бүтээх, гарын дор материалаар амны хаалт хийх хөдөлгөөн өрнүүлэв. Оёдлын үйлдвэрүүдийг дайны цагийн хуваариар ажиллуулж, улс орон даяараа ариутгагч бодис үйлдвэрлэж эхлэв. Өдөрт 10 тонн ариутгагч гаргаж, зорчигчдын галт тэрэг, байшин барилга, автобусыг ариутгаж байлаа. Энэ бүхнийг сонин хэвлэлээр сурталчилж, ард олныг маск зүүх, гараа ариутгах, олон хүнтэй газар очихгүй байхыг ухуулж байжээ.  

Хойд Солонгосын хэвлэлд коронавирусний талаар анх нэгдүгээр сарын 21-нд бичсэн. Анхнаасаа л аймшигт цар тахал ирж байна гэж айлган, дэлхий дахин халдварт автсан, хөл хорионоос болж, эдийн засаг муудна, гэхдээ аюулт өвчин туссанаас өлссөн нь дээр гэдгийг байнга дурдаж байлаа. Тариачдыг талбай дээр ажиллахдаа ч маск зүү гэж ухуулж байснаар дөрөвдүгээр сараас эхлэн орон нутгийн сонинд дан амны хаалттай хүмүүсийн зураг гарч эхэлжээ.

Хэвлэлээр дархлааг муудуулдаг тул архи дарс ууж болохгүй, эмчийн зааваргүй эм хэрэглэхгүй байхыг зааж сурган, саримс, сонгино, зөгийн бал хэрэглэхийг зөвлөж байв. Эрүүл мэндийн яамны сайтаар эрүүл мэндийн зөвлөгөөг англи, солонгос хэлээр хүргэж эхэлсэн байна.

Эдийн засгийн хоригийн эсрэг

Хөл хориог өөрсдийн хүчээр хийж болох ч коронавирусний шинжилгээ хийхэд гадаадын багаж төхөөрөмж хэрэгтэй. Харин НҮБ, АНУ-аас тус улсад бараа нийлүүлэхийг хориглосон хориг үйлчилсэн хэвээр байгаа. Ингээд Хойд Солонгос албан болон албан бус нууц аргаар шаардлагатай багаж хэрэгслийг оруулж эхэлсэн байна. Хоёрдугаар сарын сүүлээр ОХУ коронавирусний 1500 оношилгооны системийг тусламж болгон өгчээ. Дөрөвдүгээр сард Хятадаас Олон улсын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 10 мянган оношилгооны аппарат орж ирсэн байна.  

Хойд Солонгосын сонинд гарсан нэгэн гэрэл зурган дээр АНУ-ын 3M, DuPont Tyvek компанийн тэмдэгтэй хамгаалах хувцас өмсөн хүн зогсож байсан нь нэлээд шуугиан тарьсан. Мөн Өмнөд Солонгосын Yuhan Kimberly амны хаалт нэгэн бичлэг дээр тод гарсан байлаа. Өмнөдүүд хойд нутгийн ахан дүүстэй нууцаар тусламж үзүүлжээ гэж Барууны хэвлэлээр гарч байв. Албан ёсны тусламж үзүүлээгүй ч БНСУ-ын Засгийн газраас хэд хэдэн олон нийтийн байгууллагад Хойд Солонгост тусламж үзүүлэх зөвшөөрөл олгосон. Үүний дүнд Хойд Солонгост 81 мянган ам.долларын гар ариутгах бодис, 162 мянган ам.долларын хамгаалалтын хувцас нийлүүлсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс ДЭМБ, “Хил хязгааргүй эмч нар”, “Улаан загалмай нийгэмлэг” зэрэг газарт Хойд Солонгост эмнэлгийн хэрэглэл нийлүүлэх зөвшөөрөл олгож, амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцсанд нь татвар оноохгүй шийдвэр гаргасан.

Коронавирус Хойд Солонгост тархвал сүйрнэ, ард түмэн бослого гаргана гэх зэргээр Барууны хэвлэлд бичиж байсан ч Хойд Солонгосын Засгийн газар улс орноо сайн удирдсаны ачаар халдварт өртсөнгүй. Ким Жон Ун өвөөгийнхөө төрсөн өдрөөр 100 мянган хүний сүрт жагсаал хийхээс ард түмнийхээ эрүүл мэндийг илүүд үзлээ. Хил дамнасан дамын наймааг бүрэн зогсоолоо. Халдварт өвчнийг дарахад ард түмний томоотой, хүлцэнгүй чанар нь ч сайн талаар нөлөөллөө.

Ийнхүү Ази тивийн халдваргүй ганц орон нь БНАСАУ болоод байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(123.223.67.25) 2020 оны 05 сарын 31

энэ худлаа. механик аргаар вирус илэрсэн дор нь цэвэрлэж бгаа.

0  |  0
Баагий(66.181.189.174) 2020 оны 05 сарын 31

Хойд Солонгос( цагаар) 12:00-д короновирустэй боллоо, 12:10-д короновирусгүй боллоо гэдэг шиг. ... буудчихсан

0  |  1
Хятад(126.179.252.127) 2020 оны 05 сарын 29

Энэ худлаа. Халдвар авсан бол хор уугаад үхэж байгаа. Ийм дэмий хэнд ч хэрэггүй мэдээгээ болимоор байнаа

0  |  0
зочин(49.0.147.33) 2020 оны 05 сарын 30

ард түмэн нь хүлцэнгүй биш.хууль нь хатуу даа байгааюм.зөрчих эрх ямар ч даргад үгүй.маш сайн байна.үхсэнээс өлссөн нь дээр гэдэг чинь үг шүү манайхаан.суралцах л ёстой

0  |  1
Зочин(122.201.24.56) 2020 оны 05 сарын 29

Зохион байгуулаалт, журам дэглэмтэй бол бэрхшээлийг давдаг юм байна

0  |  0
иргэн(202.9.46.204) 2020 оны 05 сарын 29

америк ч естой ардчилалын улгэр жишээг узуулж байна даа америкийг шутэгчид ан ынхан америктаа очиж ухэцгээвэл таарна

1  |  1
Top