Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр энэ сарын 19-нд БНЭУ-руу захиалгат нислэг үйлдсэн. Тус нислэгээр Энэтхэг улсад эмчлүүлж байсан, хагалгаанд орсон, сурч байсан зэрэг шалтгаанаар хоёр сарын хугацаанд хөл хорионд байсан 158 иргэнийг татан авсан юм.
Тэгвэл БНЭУ-аас захиалгат нислэгээр ирж, тусгаарлах байранд ажиглалтад байгаа 158 иргэний зүгээс талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож Улсын онцгой комисст 120 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хандивласныг ар гэрийн төлөөлөл нь Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.
Уулзалтын үеэр ар гэрийн төлөөлөл ”50 хэмийн халуунд, өвчтэй, хагалгаанд орсон, сургууль байраасаа гарч хүнд нөхцөлд байсан иргэдээ татан авсан нь үнэхээрийн цаг үеэ олсон чухал шийдвэр байсан. Монголчууд тэр бүр хэлэхгүй байгаа ч Монгол Улсын засгийн газар, Улсын Онцгой комисст иргэнийхээ төлөө хийж байгаа үйлсэд маш их баярлаж байгаа. Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд, давхар эрсдэл дагуулан Монгол Улсын иргэдээ эх орондоо авчирсанд гүн талархал илэрхийлье” гэв.
Монгол Улсын Шадар сайд “Бидний ажлыг чин сэтгэлээсээ ойлгон, өндрөөр үнэлж сэтгэл санааны урам дэмжлэг өгч байгаа та бүхэнд талархлаа. Хэдийгээр эхний нислэгээр ламхай нар багтаасан ч цөөн тоогоор ирсэн. Одоо бид хоёр дахь нислэгээр тэр багачуудыг авчрахын төлөө бэлтгэлээ хангаж байна” гэлээ.
БНЭУ-аас ирсэн иргэд гурав хоногийн хугацаанд хандивын аяныг дотоод цахим группээр дамжуулан зохион байгуулж, аяны хүрээнд цугларсан 4.0 сая гаруй төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” ХХК-ийн Европын орнууд руу захиалгаар нийлүүлж буй “exMed” сайн чанарын нэг удаагийн хамгаалах хувцаснаас 240 ширхгийг худалдан авч, Улсын Онцгой комисс болон Энэтхэгийн Элчин сайдын яаманд тус бүр 120 ширхгийг хүлээлгэн өгч байгаа юм. Мөн “Exclusive” ХХК-ийн зүгээс энэхүү сайн үйлсийн аяныг дэмжиж, 34 ширхэг хамгаалах хувцсыг үнэгүй хандивласан байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )