Швед улсад нийт хоёр сая гаруй хүн коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн 0.3 хувь нь буюу 5.9 мянга гаруй нь халдвар авчээ. Тэдний ихэнх нь вакцины эхний тунг хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа халдвар авсан байна. Эдгээрээс 20 нь сэхээнд орсон бол 187 хүн нас барсан байна.
Вакцины хоёр тун хийлгэсэн 700 мянга гаруй хүнээс 1624 нь халдвар авч, зургаан нь эрчимт эмчилгээ хийлгэсэн бол 67 нь энджээ.
Шведийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээлэлд вакцин хийлгээгүй хүнтэй харьцуулахад вакцин хийлгэсэн хүний хүндээр өвчлөх, нас барах эрсдэл бага буйг онцолсон байна.
Нэг ч вакцин өвчлөхөөс бүрэн хамгаалдаггүй. Гэсэн хэдий ч халдварын тархалт, вакцин хийлгэсэн хүмүүсийн тоог харгалзан үзвэл ноцтой тохиолдлын тоо бага байна гэж Шведийн ерөнхий халдвар судлаач Андерс Тегнел тайлбарлажээ.