Румынд Дракулагийн цайзыг вакцинжуулалтын төв болгон ашиглаж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Румыны алдарт Бран цайзыг үзэгчдэд “Pfizer/BioNTech” вакциныг үнэгүй хийлгэх санал тавьж байгаа гэнэ. XIV зуунд барьсан эл цайзыг Дракулагийн цайз хэмээдэг.

Румыны Засгийн газар ирэх есдүгээр сард 10 сая хүнийг вакцинжуулахыг зорьж байна. Гэвч “Globesec” компанийн явуулсан судалгаанаас үзвэл, хүн амынх нь тал хувь нь вакцин хийлгэхээс татгалзаж байгаа нь Европын бусад улс оронтой харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм.

Бран цайзын удирдлагууд тэдний эл санаачилга румынчуудын сөрөг хандлагыг өөрчлөхөд тусална гэж найдаж байна. Тавдугаар сард амралтын өдрүүдээр хүссэн хүн бүр урьдчилан бүртгүүлэлгүй ирж, цайзыг үзэж сонирхохоос гадна дундаж зууны үеийн тамлалт, эрүү шүүлтийн үзэсгэлэнг үнэгүй үзэх боломж олгожээ. Гэхдээ үүний тулд үзэгчид вакцин хийлгэх болзол тавих гэнэ. Тамлалт, эрүү шүүлтийн үзэсгэлэнгээр дамжуулан тариа, вакцин байгаагүй дундад зуунд хүмүүс хэрхэн зовж, шаналдаг байсныг сануулахыг зорьжээ. Үүнээс гадна Румыний Засгийн газар Дракулагийн цайз дахь арга хэмжээ цар тахлаас хойш эзгүйрээд буй Карпатын уулс руу жуулчдыг татна гэж найдаж байна.

Бран цайз Карпатын уулсын бэлд, Бухарест хотоос 170 км зайд оршдог. Эл цайзыг Дракулагийн цайз гэдэг. Домог ёсоор, эл цайзад Брэм Стокерын “Дракула” туужийн гол дүр Дракулагийн бодит дүр болох гүн Влад Цепещ буудалдаг байжээ.

Цар тахал дэгдсэнээс хойш 19.5 сая хүн амтай тус улсад хагас сая орчим хүн халдвар авснаас 29 мянга гаруй хүн энджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top