Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд түүх, соёлын өвийг хүртээмжтэй хүргэх зорилгоор спорт, соёл, урлагийн арга хэмжээг зохион байгууллаа.
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар /ХБХХЕГ/, Чойжин ламын сүм музейтэй хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвд байнгын асаргаа шаардлагатай ч эцэг, эх, асран хамгаалагчгүй "Аами Таами" тасгийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд, 5-14 насны 150 гаруй хүүхдүүд оролцсон юм.
Арга хэмжээний үеэр ХБХХЕГ-ын дарга Э.Тамир, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар мэндчилгээ хүргэсэн бол урлагийн хөтөлбөрөөр дамжуулан дуучин Б.Батцэнгэл /Quiza/ дохионы хэлээр “Сайн байна уу” дуугаараа, Дауны холбооны элч “Wasabies” хамтлаг, Монголоороо ТББ-ийг төлөөлөн дуучин Г.Эрдэнэчимэг охин Ж.Өдрийнцолмон нар уран бүтээлээ хүргэж, оролцогч хүүхдүүд маань өөрсдийн мэндчилгээгээ найзууддаа үзүүллээ.
Мөн "Монгол циркус" энтертайнментийн хамт олон хүүхдүүдэд үлгэрийн баатрууд, циркийн үзүүлбэрээ сонирхуулсан юм. Боловсрол, спортын хөтөлбөрөөр дамжуулан музейн талаарх мэдээлэл болон мандала урлах, талх нарийн боовыг хүүхдүүд өөрсдөө чимэглэх, хонхот хөл бөмбөг, заалны хоккей задгай талбайд тоглох, боче спорт гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүдээр дүүрэн өдөр байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )