Орон нутагт боловсон бие засах газар байгуулах төсөл хэрэгжиж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

Амралт, аялал зугаалгын улиралд дотны аялагч, жуулчдад тулгардаг нэг том бэрхшээл нь ариун цэврийн байгууламж, тав тухтай нийтийн бие засах газар байдаг. Өргөн уудам газар нутгийн онцлогоос шалтгаалан, алслагдсан сумдад ариун цэврийн байгууламж хангалтгүй байдаг нь байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын хөгжлөөс хойш татсаар байгаа юм.

Тэгвэл БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн санаачилгаар улсын хэмжээнд боловсон нийтийн бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээний ААН-үүдтэй хамтран ажиллаж, уг асуудлыг шийдэх төслийг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлжээ.

Дотоодын аялал жуулчлалын салбарт томоохон дэмжлэг болох энэхүү төслийн хүрээнд “НИК”, “Петровис” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Тус компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутгийн ШТС-уудыг түшиглэн БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр боловсон бие засах газар байгуулах төслийг хэрэгжүүлэх ажээ.

Төслийн хүрээнд “НИК”, “Петровис” ХХК-иуд өөрийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн ШТС-ын салбаруудыг түшиглэн ариун цэврийн байгууламж байгуулж, аялагчид зам зуурт биеийн алжаалаа тайлахад ойр дөхөм байлгах үүднээс сум хоорондын ШТС-уудын байршилыг мөн тооцжээ. Боловсон бие засах газар, ариун цэврийн байгууламжийг ШТС-ыг түшиглэн байгуулснаар харж хандах эзэнтэй, 24 цагийн турш аялагчдад нээлттэй байлгах зорилготой юм байна.

Энэ талаар БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ, “Энэ зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэг байгууллагаар зогсохгүй. Цаашид алслагдсан аймаг сумдад салбартай аж ахуйн нэгж, байгууллагуудад нийгмийн хариуцлагаараа манлайлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл болгон өргөжүүлнэ” гэжээ.

Улсын хэмжээнд боловсон бие засах газар, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард “Магнай трейд” ХХК нэгдэж, хамтран ажиллахаар болж тодорхой цэгүүдэд шинэчлэн барьж байгаа аж.

Энэхүү төсөл нь дотоодын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болохоос гадна, улс орон даяар нүхэн жорлонгоос татгалзаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг салбар яам төдийгүй хамтран ажиллаж буй ААН-үүд илэрхийлж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.90.41) 2022 оны 08 сарын 06

ХОТЫГ ТОЙРСОН ГЭР ХОРООЛОЛЫН АЙЛУУДЫН НҮХЭН ЖОРЛОНГ ЯАХ ВЭЭ

0  |  0
зочин(202.126.88.163) 2022 оны 08 сарын 06

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛАХГҮЙ.

0  |  0
Top