БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Тус аймагт хайрга дайрга олборлож байгаа нэрийдлээр Дэлгэр мөрөн голын эрэг орчмын газар эвдэгдэж байна гэдэг иргэний удаа дараагийн гомдлоор ийнхүү БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм.

Голын эрэг орчмын газрыг сүйтгэж, олборлолт явуулж байгаа тус компанийн үйл ажиллагааг зогсоож, 2022 оны есдүгээр сарын 30-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд нөхөн сэргээлт хийхийг Хөвсгөл аймгийн Засаг дарга болон тус аймгийн БОАЖГ-ын даргад үүрэг болголоо. Мөн Дэлгэр мөрөн голын дэргэд хайрга, дайрга олборлож байсан тус компанид өөр байршилд дүйцүүлэн газар олгохоор боллоо.

Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн

 

  • Дэлгэрмөрөн-Шишхэд сав газрын даргад хариуцлага тооцож үүрэгт ажлаас чөлөөлөхийг үүрэг болголоо.
  • Аж ахуйн нэгж хохирч болохгүй тул голоос хол хайрга, дайрга олборлох газрыг дүйцүүлж өөр газарт олгох
  • Байгаль орчныг хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлээгүй Хөвсгөл аймгийн БОАЖГ Даргад 1 сарын хугацаат үүрэг даалгавар (Эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх) өглөө. Түүнээс гадна байгаль орчноо хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцож ажиллахыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ харьяа газруудын удирдлагуудад санууллаа.
  • Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Дэлгэр мөрөн нь нийт 445 км урттай, Сэлэнгэ мөрөнд баруун хойд зүгээс нь цутгах эх мөрөн юм. Дэлгэр мөрөнд том жижиг олон гол горхи цутгадгаас том голын тоонд Тарис (75 км), Бэлтэс (92 км), Бүгсийн гол (110 км) зэрэг голуудыг нэрлэж болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top