“Яндангаа хөөлье-өнтэй өвөлжье” аян эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан зуух, пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмжлэл алдагдсан зэргээс шалтгаалан угаар гарах нөхцөл бүрдэж, иргэд угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгдэх иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох хүртэл эрсдэл үүсдэг.

Мөн гэр болон байшингийн дулаалга, битүүмжийг бүрэн хангаагүйгээс дулаан алдалт явагдаж, улмаар галлагаа ихсэж, гадна орчны агаарын бохирдол нэмэгдэх, нийгмийн эрүүл мэндийн өвчлөл бий болох нөхцөлийг бүрдүүлдэг.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус аян улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 2022 оны аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм.

Аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

  • Гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч хий, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулах зорилгоор зуухны яндангийн хөө, тортгийг тогтмол цэвэрлэх, холбоотой сургалтыг иргэдийн дунд зохион байгуулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх;

 

  • Гадна орчны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэг болох тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарах агаар бохирдуулагч бодисын хэмжээг багасгах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын янданд утаа шүүлтүүр суурилуулах, шаардлага хангасан хөдөлгүүрийн тос, байгалийн гаралтай түлшний шаталт дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх талаар мэдээ мэдээлэл хүргэх;

 

  • Дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн зөв хөөлөх, иргэдэд зөв галлагааны талаар заавар зааварчилгааг өгөх, гэр байшингийн дулаалга, битүүмжлэлийг хангах талаар айл өрхүүдэд тараах гарын авлага зөвлөмжийг боловсруулж хэвлүүлэх, контент, теле-сургалт бэлтгэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол түгээх;

 

  • Судалгаа мэдээлэлд тулгуурлан, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж, нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдийн яндан ханан пийшинг хөөлөх, заавар зөвлөмж өгөх шуурхай албыг ажиллуулах;

 

  • Аяны хүрээнд холбогдох төрийн байгууллагууд тусгай төлөвлөгөөгөөр агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг баталж хэрэгжилтийг хангаж ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top