БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа 

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Монгол Улс хөгжлийн баримт бичигт уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон. Эдгээр салбар нь эх орны уудам газар нутаг, эрдэс баялаг, үржил шимт хөрс шороо, үзэсгэлэнт байгальд тулгуурлан үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

Уулзалтаар БНСУ-ын сэтгүүлчид дээрх тэргүүлэх салбар чиглэлээр хамтран ажиллах тэр дундаа бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй байгаль экологи, аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэж, иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл түгээхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлээд, байгаль экологийн асуудал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурталчлах боломж зэрэг өргөн сэдвээр ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн нийтээрээ анхаарал хандуулж буй уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга, цөлжилт зэрэг байгаль экологийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх нь чухал гэдгийг онцлоод, үүний үр дүнд иргэд олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх, хоёр орны аялал жуулчлалын салбар тэр дундаа тус улсаас манай орныг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, ирэх 2023, 2024 оныг Монгол Улсын Засгийн газраас зочлох жил болгон зарласантай холбогдуулан энэ чиглэлийн мэдээлэл, сурталчилгааг Солонгос улсын жуулчдад хүргэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.

Мөн дэлхийн цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтний санааг зовоож, нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологид шилжихийг улс орнууд хичээн чармайж буй энэ цаг үед БНСУ-ын сэтгүүлчид манай улсыг зорин ирж, мэдээлэл солилцож байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд Монгол Улс дэлхийд ховор бэлчээрийн мал аж ахуй, органик хүнс үйлдвэрлэхүйц байгалийн түүхий эд, нөөцөөр арвин байгалийн баялагтай орны хувьд жуулчдад нүд, сэтгэл баясам онгон дагшин байгаль, өвгөд дээдсийн гайхамшигт түүх цогцолсон уугуул үндэстнийхээ өв соёлын үнэ цэнийг нь бүс нутгийн хэмжээнд болон дэлхийд сурталчлан таниулахад БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтад БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, ОНХА-ны дарга Ц.Үүрцайх нар оролцож, БНСУ-ын сэтгүүлчдэд холбогдох салбарын талаар мэдээлэл, танилцуулга хүргэлээ.

Маргааш буюу есдүгээр сарын 21-ний мягмар гарагт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагын төлөөлөл болон БНСУ-ын сэтгүүлчид МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top