Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Швед, Исланд, Эстони Улсыг хариуцсан захирал хатагтай Эва Кассел Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэлхийн 31 улсыг хариуцсан захирлуудын зөвлөлийн 9 гишүүн байгааг уулзалтын эхэнд танилцуулав.
Тэрбээр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хариуцсан улсуудад зөвлөлдөх уулзалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг ба Монгол Улсад байх хугацаанд Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийсэн гээд, ЕСБХБ-ны Удирдлах зөвлөлөөс Монгол Улсад хэрэгжүүлэх 5 жилийн стратеги төлөвлөгөөг энэ намрын сүүлээр батлахаар төлөвлөж байгаа гэж ярьсан юм.
Талууд уулзалтаар Монгол улс ногоон эдийн засагт шилжихэд баримталж буй бодлого, Монгол улсын аялал жуулчлалын салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал болон төлөвлөгөө, Монгол улсын тогтвортой хөгжлийн арга зам, Алсын хараа 2050 зэрэг сэдвээр санал солилцож, дээрх асуудлуудад тус банкны зүгээс үзүүлэх дэмжлэг боломжийн талаар ярилцлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгаа төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжил, ногоон хөгжлийг дэмжих, бэрхшээлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна гээд, ЕСБХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагаа, ногоон эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтуудын талаар ярилцаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
Уулзалтад, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Монгол Улс, Нидерланд, БНХАУ, Хойд Македон, Армени Улсыг хариуцсан захирал Каспар Велдкамп; Турк, Румын, Азербайжан, Молдав, Киргиз Улсыг хариуцсан захирал Чаатай Имиржи; Австрали, БНСУ, Шинэ Зеланд, Египет Улсыг хариуцсан захирал Филип Линдсэй; Франц Улсыг хариуцсан захирал Яанн Пузат; Австри, Израйль, Кипр, Мальта, Казахстан, Босни Герцеговин Улсыг хариуцсан захирал Леандр Треппел; Испани, Мексик Улсыг хариуцсан захирал Энрике Алехо; Португаль, Грек, Сан Марино, Энэтхэг Улсыг хариуцсан орлогч захирал Димитрис Метаксас-Трикардос; Европын Холбоог хариуцсан орлогч захирал Маркус Шульте; ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )