Турк улсын Анкара хотод болсон “Монгол-Туркийн бизнес форум”-д Монгол Улсын аялал жуулчлалын бодлого болон 2023, 2024 оныг Монгол Улсад зочлох жил болгож зарласантай холбогдуулан Засгийн газрын бодлогыг танилцуулж, аялал жуулчлалын компани, хөрөнгө оруулагчдыг урилаа.
Энэхүү арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоан, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Турк Улсын Танхим, Биржүүдийн холбооны гишүүн Фаик Явуз нар оролцож, үг хэллээ.
Улсын Их Хурлын дарга форумын нээлтэд хэлсэн үгэндээ, өчигдөр бид Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийж, олон ажлыг хэрэгжүүлэхээр тохирсныг дурдаад, хоёр орны найрсаг, бат бэх харилцаан дээр суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ярилцсаныг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр энэ удаагийн “Монгол-Туркийн бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд агаарын тээврийг үе шаттай либералчилснаар эл салбарын урсгалыг нэмэгдүүлж, томоохон дэвшил гарна хэмээн үзэж байна гэв.
Саяхан хоёр улсын Төрийн тэргүүн нар Самарканд хотноо уулзах үеэрээ найрамдал хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд энэ хүрээнд хөдөө аж ахуй нь хамтын ажиллагааны чухал салбар хэмээн тодорхойлсныг Улсын Их Хурлын дарга онцлов.
Сэтгэгдэл ( 0 )