ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 24

Өнөөдөр 2022.11.24. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 08 цаг 11 минутад мандлаа, 17 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Монгол бахархлын өдөр. Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэж тогтоон, энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл Тажикистанд өнөөдөр Төрийн далбааны, Туркт Багш нарын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, кино продюсер Лола Глодини, Даниэль Николет, Мередит Паттерсон, Кэтрин Хэйгл, Германы уулын цаначин, олимпын гурван удаагийн аварга Мария Хёфль-Риш, Оросын дуучин, жүжигчин Светлана Светикова, Мария Козакова зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Намын төв хорооны шийдвэрээр Б.Данзан тэргүүтэй Д.Лувсанданзан, Ч.Пүрэвжав, Д.Лосол, Ө.Дэндэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Москва хотноо болох Дорно дахины улс түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцуулахаар болжээ. Уг хуралд Бошгыг халах Залуучуудын эвлэлээс С.Буяннэмэх, орчуулагчаар Б.Ишдорж нарыг илгээжээ.

1998 оны энэ өдөр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1969 оны энэ өдөр АНУ болон ЗСБНХУ цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг баталжээ.

1992 оны энэ өдөр БНХАУ-ын Гуйлины ойролцоо “Boeing 737” онгоц сүйрч, 142 хүн амиа алдсан нь тус улсын түүхэн дэх онгоцны хамгийн том сүйрлүүдийн нэг болсон байна.

2015 оны энэ өдөр Туркийн сөнөөгч онгоц Оросын “Су-24” онгоцыг сөнөөж, ОХУ, Туркийн харилцаанд том сэв суулгажээ.

Өнөөдөр үс засуулвал Нас ахар болно.

Эл өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Дашнямтай өдөр.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top