Бригадын генерал Г.Болор Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 07

Улаанбаатарын цагаар 2023 оны гуравдугаар сарын 9-ний үүрийн 03:00 цагаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байдены хамт жил бүр болдог Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслолыг Цагаан ордонд зохион байгуулж, 2023 онд тус шагналыг хүртэх болсон 11 бүсгүйн бахдам зориг, хүч чадал, манлайллыг өргөмжлөн шагнал гардуулна.

Шагнал гардуулах ёслолыг www.state.gov цахим хуудсаар шууд дамжуулна.

Монгол улсаас Бригадын генерал Г. Болор тус шагналыг хүртэх юм.

Бригадын генерал Г. Болор нь Монгол Улсын зэвсэгт хүчинд 30 орчим жил  зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд саад бэрхшээлийг давж шинэ үүд хаалга нээсэн олон шинэ замналын анхдагч болсон гавьяагаараа энэ шагналыг хүртэж байна. 2022 оны гуравдугаар сарын 18-нд Монгол Улсын зэвсэгт хүчний анхны эмэгтэй бригадын генерал цолтон болсноор  Болор ахин нэг анхдагчийн эзэн болсон юм. Тэрээр 2010 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Чад Улсад, 2013 онд Өмнөд Судан Улсад тус тус НҮБ-ын Төлөөлөгчийн газрын ажилтан болон Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицерээр ажиллаж, эмэгтэй алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд оролцоход учирдаг янз бүрийн саадыг багасгахад өөрийн хичээл зүтгэлээрээ үлгэрлэсэн юм Одоо Бригадын генерал Болор Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны бүхий л салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна.

Элчин сайд Ричард Буанган “Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал хүртсэн 11 эмэгтэй манлайлагчийн нэг Бригадын генерал Ганболдын Болороор бахархаж байна. Энэ шагнал бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаас энх тайван, шударга ёс, хүний эрх, жендэрийн тэнцвэр, эрх тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг хамгаалах үйлсэд өөрийн амь насыг эрсдэлд оруулан байж онцгой хатан зориг, хүч чадал, манлайлал үзүүлсэн дэлхийн өнцөг булан бүр дэх эмэгтэйчүүдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм. Болорын болон шагнал хүртсэн бусад эмэгтэйчүүдийн түүх дэлхийн охид, эмэгтэйчүүдийг жендэрийн саад бэрхшээлийг сөрж, тэгш эрхийг ханган илүү гэрэлтэй ирээдүйг цогцлооход урам зориг төрүүлэх байх хэмээн би найдаж байна.

Монгол Улсын зэвсэгт хүчний анхны эмэгтэй бригадын генерал цолтны хувьд Болор генерал зөвхөн эрчүүд авдаг уламжлалтай байсан цэргийн цолыг эмэгтэй офицер авах үүд хаалгыг нээж, мөн мөрдөст бүсгүйчүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд алба хаах жимийг эхлүүлсэн юм.

Би болон манай хамт олон 3-р сарын 8-нд Вашингтон хотноо Цагаан ордонд болох Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслол дээр Бригадын генерал Болор Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Тэргүүн хатагтай Жилл Байден нараас уг шагналыг гардаж авах мөчийг цахимаар үзэхийг догдлон хүлээж байна” гэж хэлжээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслолын дараа Бригадын генерал Г. Болор хоёр долоо хоногийн хугацаатай IVLP буюу Олон улсын зочин манлайллын хөтөлбөрт оролцон Америк дахь өөрийн мэргэжил нэгтнүүдтэй уулзах юм. Тэрбээр Кливланд болон Лос Анжелес хотуудаар зочилж, салбарын мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо тогтоон дэлхий даяарх охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх өөрийн төлөвлөгөө, санал санаачлагаа хуваалцана.

Эх сурвалж: Mongolian Embassy to the USA АНУ-ын ЭСЯ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.47) 2023 оны 03 сарын 07

Баяр хүргэе

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 03 сарын 07

mundag

0  |  0
.(59.153.113.93) 2023 оны 03 сарын 07

Баяр хүргэе

1  |  0
Top