Орчин цагийн ТАГНУУЛ ямар ажиллагаа явуулдаг вэ?

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Түүхэн хөгжлийн явцад тагнуулын албадын үйл ажиллагаа, түүний зорилго, ач холбогдлын талаар олон нийтийн дунд янз бүрийн ойлголт, үзэл бодол байсаар ирсэн. Харин 3000 гаруй хүн амь үрэгдэж, олон тэрбум ам.долларын эд материалын хохирол учруулсан Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа улс орны аюулгүй байдлыг хангахад тагнуулын албадын гүйцэтгэх үүргийг хамгийн хатуу шүүмжлэгчдийн хувьд ч анхааран үзэх, хүлээн зөвшөөрөх хандлага ажиглагдах болсон юм.

Ялангуяа галт зэвсэг, шашны хатуу итгэл үнэмшил, үзэл сурталаар зэвсэглэн өндөр түвшинд бэлтгэгдсэн, их хэмжээний санхүүжилт, өргөн харилцаа холбоо бүхий террорист байгууллагууд олноор байгуулагдан нийтийн үнэт зүйлд заналхийлж, санаанд оромгүй аргаар аюул учруулж байгаа нь өнөөгийн даяаршсан ертөнцийн нэг том аюул болж байна. Үүнээс үүдэн аюул заналаас урьдчилан сэргийлэх, улс орныхоо ашиг сонирхлыг хамгаалах, шинэ нөхцөл байдалд хурдан дасан зохицох шаардлага тусгай албадад үүсээд байна.

Харин тагнуулын албад дээрх байдалд дасан зохицох хангалттай чадавхийг бүрдүүлж чадсан эсэх нь эргэлзээтэй хэвээр. Ялангуяа шинэ төрлийн аюул занал, тодорхой зүй тогтолгүй нарийн төвөгтэй үзэгдлүүдийг хяналтдаа авах, эрсдлийг удирдах, “Маргаашийн аюул”-ыг зайлуулахад тагнуулын албадын өнөөгийн сэтгэлгээ, арга ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт тохиромжтой эсэх нь судлаачдын дунд асуултын тэмдэгтэй хэвээр байгаа юм.

ТАГНУУЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Тагнуулын онол боловсруулж, дараа нь тагнуулын бодлого, стратеги гарган эцэст нь тагнуулын номлолтой болохын тулд юуны өмнө тодорхой бөгөөд цэгцтэй ойлголттой болох нь чухал гэж судлаачид үзэж байна. Тагнуулын тухай олон тодорхойлолт байдаг боловч бүх улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт хараахан алга байна. Тагнуулыг “улс төрийн зүтгэлтэн, цэргийн удирдагчид шийдвэр гаргахдаа ашигладаг хүрээлэн буй ертөнцийн чухал шаардлагатай асуудлын талаарх мэдлэг, зөн совин” хэмээн ерөнхийлөн үзэх нь бий.

Тухайлбал стратегийн тагнуул нь Засгийн газартаа олон улсын хэмжээнд зорилгоо хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай мэдлэг, мэдээллийг олж өгдөг. Мөн тагнуулыг Засгийн газраас нууцаар хэрэгжүүлдэг зарим ажиллагааны цогц гэж тодорхойлж болно. Энэ нь стратегийн шийдвэр гаргахад туслах, гадаад бодлогын зарим асуудлыг тодотгоход шаардлагатай мэдлэг өгөх “бүтээгдэхүүн”-ийг боловсруулах зорилгоор ил болон далд эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, нягтлах, шалгах, судлах, дүгнэх, тайлбарлах зэрэг олон ажиллагаанаас бүрддэг.

Гэхдээ орчин үеийн тагнуулын албадын үйл ажиллагааг дан ганц дээрх байдлаар тодорхойлох нь нэлээд “хуучинсаг” бөгөөд “явцуу” хандлагад тооцогдох талтай. Учир нь бодит байдал дээр тагнуулын албад илүү өргөн хүрээтэй үүрэг гүйцэтгэж, хилийн чанад дахь нөхцөл байдал, элдэв үйл явдалд далдуур нөлөөлөх замаар үндэстнийхээ ашиг сонирхлыг хамгаалах, бусад таатай нөхцөл боломжийг бий болгоход чиглэсэн “нууц ажиллагаа”-г явуулдаг.

Ерөнхийд нь авч үзвэл ямарч улсын тагнуулын байгууллага улс төрийн бодлогыг үндэслэлтэй болгох, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой нууц арга хэмжээ явуулах, цэргийн болон хууль сахиулах байгууллага (тухайлбал Монгол Улсын тухайд тагнуулын байгууллагад 29 төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг хуулиар ногдуулсан байдаг)-ын үйл ажиллагааг дэмжих зэрэг нийтлэг үүрэг хүлээдэг. Мөн хүчний байгууллага болохын хувьд өөрийн нөөц бололцоогоо оновчтой ашиглах, чадавхиа байнга нэмэгдүүлж онцгой чухал даалгавар биелүүлэх чадвартай байх, төрийн тусгай хамгаалалт зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд “довтлох” шаардлага ч гардаг байна.

Аливаа асуудлыг мэдрэмжээр бус, учир шалтгааныг нь шинжлэн дүгнэсний үндсэн дээр илүү оновчтой шийдвэрлэх шаардлагатай байдаг тул тагнуулын байгууллага шийдвэр гаргагчдад хэрсүү ухаан гаргаж, зөв таамаглал дэвшүүлэх боломж олгох, харин цэрэг, цагдаагийн удирдлагад хариуцсан салбартаа тодорхой ажиллагаа төлөвлөх, хэрэгжүүлэхэд нь “урьдчилсан санамж” болохуйц мэдээлэл өгөх ёстой.

Түүнчлэн энд тагнуулын албадын ажлын онолын үндэс суурийг бүрдүүлж байдаг хэдэн ойлголтыг дурдах нь зүйтэй юм. Өргөн утгаараа тагнуул гэх нэр томъёо таван утгатай.

1.Өвөрмөц ухаан. “Далдыг мэдэх” болон “оньсого” мэт зүйлийг тайлан харах гэдэгтэй утга дүйнэ. Шийдвэр гаргаж бодлого тодорхойлдог хүмүүст үндэсний ашиг сонирхлыг томъёолох буюу хамгаалах, өнөөгийн болон маргаашийн болзошгүй сөргөлдөгчийн зүгээс учрах аюул, заналхийллийг сөрөн зогсохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг ухаан бол “тагнуул” юм.

2.Мэдлэг боловсруулдаг байгууллага. Тагнуулын үйл ажиллагаа явуулж, энэ чиглэлийн мэдээлэл, мэдлэг буй болгох үүрэг бүхий байгууллага. Хилийн чанад дахь буюу гадаад, орон нутгийн буюу дотоод, батлан хамгаалахын буюу цэргийн, зарим улсад эрүүгийн тагнуулын албад байдаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа нь зарим талаараа давхцах тохиолдол гардаг байна.

3.Нууц үйл ажиллагаа явуулдаг. Тагнуулын албадын үйл ажиллагааг гүйцэтгэж буй үүргээр нь ихэвчлэн гурван хэсэгт хуваадаг нь (1) мэдээлэл цуглуулах, (2) дүн шинжилгээ хийх, (3) сөрөх тагнуул хийх ажил юм. Үүн дээр зарим оронд дөрөв дэх үүрэг болох гадаад тагнуулын албадын хэрэгжүүлдэг “нууц ажиллагаа”-г нэмж үздэг.

4.Тагнуулын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үйл явц. Аливаа улсын Засгийн газар, цэргийн удирдлага шаардлагатай мэдээллээ захиалж, тагнуулын албад түүнийг олохоор ажилладаг. Энэ үйл явц нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төлөвлөлт болон удирдлага, мэдээлэл цуглуулах, түүнийг боловсруулах, дүгнэн шинжилж мэдээлэл бэлтгэх, тагнуулын үнэлэлт, дүгнэлт бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх гэсэн эргэх холбоо бүхий 6 үе шатаас бүрддэг.

5.Эдгээр үйл ажиллагааны үр дүнд буй болдог бүтээгдэхүүн. Сэрэмжлүүлэг, улс орны гадаад, дотоод нөхцөл байдлын тухай тайлан, эмхэтгэсэн товхимол, үнэлгээ, урьдчилсан сэргийлэх мэдээнээс эхлээд дүн шинжлгээ бүхий лавлагаа хүртэлх олон төрлийн мэдээлэл үүнд багтана. Захиалагчийн тодорхой эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нягт нямбай бэлтгэсэн эдгээр бүтээгдэхүүн (мэдээлэл) нь баримт нотолгоо, таамаглал, дүгнэлт, шаардлагатай тохиолдолд улс оронд учруулж болох хор уршгийг мэргэжлийн үүднээс нарийн шинжлэн дүгнэснээрээ илүү бодитой байхын зэрэгцээ бусад байгууллагын мэдээллээс ялгагддаг онцлогтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top