Австралиас иргэдээ авчрах хөлөг маргааш 20:00 цагт газардана

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр Сидней хотноо газардсан “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Улаанбаатарын цагаар маргааш 20:00 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардана.

Уг онгоцоор бага насны хүүхэдтэй 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65 иргэн ирэх ажээ.

Түүнчлэн тусгай үүргийн онгоцонд Филиппин улсын Сэбү арлаас 29 иргэн эх орондоо ирэх юм.

Ингэснээр нийт 263 иргэн маргааш эх орондоо ирэхээр болжээ.

Иргэдийг эх орондоо ирмэгц 21 хоног тусгаарлах юм. Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг бөгөөд нийт 1.05 сая төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын (ХААН БАНК 5084538375) дансанд урьдчилан шилжүүлж, төлбөр төлөх ёстой. Харин 0-5 насны хүүхэд төлбөргүй бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхэд өдрийн 30 мянган төгрөгөөр тооцож нийт 630 мянган төгрөг тушаах ёстой ажээ.

Үүнээс гадна тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн (ТӨРИЙН БАНК 340004009911) дандсанд тушаах ёстой юм.

Тусгай үүргийн онгоцонд тусгаарлагдах байр, хоолны зардлаа гүйцэт төлсөн иргэдийг суулгах ажээ.

 

Top