ОХУ-ын Башкирийн цахим сүлжээнд Уфа хотын Хуулийн дээд сургуулийн гадаад оюутнууд өлсгөлөн зарлаж байна гэсэн мэдээ тархсан юм.
Мэдээнд "Гадаад оюутнуудыг гуравдугаар сарын эхээс дотуур байрнаас өдөрт ганц цаг л гаргаж байгаа. Тавдугаар сарын 12-ноос Уфа хотод хөл хорио цуцлагдаж, хүмүүс гадуур чөлөөтэй явж байгаа ч гадаад оюутнуудыг гаргахгүй хэвээр байгаа. Оюутнууд сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан ч “Энэ арга хэмжээ нь та бүхний эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажил. Тэвчих хэрэгтэй” гэж хариулсан байна. Хариуд нь оюутнууд дотуур байрны зоогийн газарт орохоо больж, өлсгөлөн зарласан” гэж бичжээ.
Энэ асуудлыг “Аргументы и факты в Уфе” сонины газар судлахад тус сургуульд үнэхээр Зимбабве, Гвинеи-Биссау, Бурунди, Конго, ТАБНУ, Ангол, Мозамбик, Замби, Монголын оюутнууд суралцдаг нь батлагджээ.
Харин сургуулийн захиргаанаас “Гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 10-нд Уфа хотын орос иргэд ч хөл хорионд байсан. Дөрөвдүгээр сарын 11-нээс гадаад оюутнуудыг албаны машинаар 10-15 хүнтэйгээр банк, дэлгүүр орохыг зөвшөөрсөн. Харин тавдугаар сарын 1-нд монгол оюутан коронавирусний сэжигтэйгээр өвдсөн. Тийм болохоор гадаад оюутнуудыг зургаадугаар сарын 1 хүртэл гадуур гарахыг хориглосон. Азаар коронавирус биш гэдэг нь тогтоогдсон. Одоо тэд гадуур чөлөөтэй гарч байгаа. Өлсгөлөн зарлаагүй, өөрсдөө өрөөндөө хоол хийхийг сонгосон” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )