Шинжээч: Бээжингийн вирус Уханийхаас илүү ХАЛДВАРТАЙ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

БНХАУ-ын Уханийн их сургуулийн вирус судлалын дээд сургуулийн профессор Ян Жаньцю Бээжингийн бөөний зах дээр илэрсэн коронавирус Уханийн далайн бүтээгдэхүүний зах дээр тархсан вирусээс илүү халдвартай гэж үзэж байна.

Тэрбээр энэ хоёр зах дээр халдвар авсан хүмүүсийн нийт тоог харьцуулсны үндсэн дээр Бээжингийн үзүүлэлт Уханийхаас хол зөрүүгүй болохыг тогтоожээ. Ухань хотод халдвар өвөл тархсан. Гэтэл Бээжинд тогтсон зуны халуун халдварт өвчний тархалтад эерэгээр нөлөөлөх нөхцөл нь биш тул Бээжингийн вирус илүү халдвартай болохыг илтгэж байна. Гэхдээ Уханийн тохиолдлыг бодвол Хятад улс өдгөө харьцангуй туршлагатай болж, вирусний халдвараас хамгаалах үр дүнтэй аргатай болсон гэж тэрбээр онцолжээ. Коронавирусний халдвар шинээр дэгдэж, вирусний шинэ ген бий болж байгаа нь вакцин гаргаж авахад хүндрэл учруулж байна гэж Ян Жаньцю тайлбарлажээ.

Бээжингийн Фэньтай дүүрэгт байрладаг “Шинфади”  хамгийн том бөөний захад импортоор орж ирсэн яргай загас янзалдаг модноос коронавирус илэрснийг тогтоосны дараа зах түр хаагдаад байна. Бээжин хотод өнгөрсөн ням гарагт нийт 76 499 шинжилгээнд хамруулснаас 59 шинжилгээ эерэг гарчээ. Өдгөө Хятадын нийслэлийн эмнэлгүүдэд КОВИД-19 халдвар авсан нийт 79 өвчтөн эмчлүүлж байгаагаас нэгийнх нь биеийн байдал маш хүнд, хоёр нь хүнд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top